Copy

Өглөөний мэнд ээ. Lemon Press та бүхэндээ санхүү, хөрөнгө оруулалтын мэдээ, мэдээллийг хүргээд хэдийн 1 жил болжээ. Ойн баяраа тохиолдуулаад гэнэтийн бэлэг бэлдсэн шүү. 🍋
 


MARKETS
1D 1W
S&P 500 4,357.73 -1.70% -2.48%
Hang Seng 24,221.54 +0.51% -5.02%
MSE 20 43,073.79 -0.12% -5.63%
Bitcoin 43,206.12 -4.01% -5.94%
Coal 171.05 +1.45% -0.38%
Oil 71.04 +0.94% +0.82%

USA: Америкт томоохон индексүүд улаанаар эргэлдэж, S&P 500 гэхэд 52 долоо хоногийн дээд түвшнээсээ 4% унаад байна.

BTC: Биткойны ханш сүүлийн 4 хоног тасралтгүй унасаар 43K хүрлээ.

NSO: НДШ төлдөг нийт 680 мянга орчим хүн байдаг ба тэдний 60-70% нь ₮1.3 саяас бага цалин авдаг ажээ
 


ANNIVERSARY
Lemon Press 1 нас хүрлээ

Нэг жил гэдэг хэдий урт биш ч багагүй хугацаа билээ. Энэ хугацаанд олон хүмүүсийн санхүү, хөрөнгө оруулалт, бизнесийн шийдвэр гаргалтад бид хэрэгтэй мэдээлэл хүргэсэн гэж найдаж байна. 

1 жилийн хугацаанд бид: 

  • 22K: Манай товхимлын нийт уншигчдын тоо +22 мянгад хүрээд байна.  
  • 140: Өнгөрсөн 1 жилийн хугацаанд уншигчдадаа 140 удаа өдөр тутмын товхимол илгээв
  • 9: Өдөр тутмын товхимлоос гадна 9 тусгай дугаарыг бэлтгэн хүргэжээ.
Цаашдаа бид:

Өнөөгийн асар их мэдээллийн эрин үед танд хэрэгтэй санхүү, бизнесийн мэдээллийг тогтмол хүргэж ухаалаг шийдвэрт хөтөлнө. Үүний тулд бид зөвхөн товхимлоос гадна вебсайтаа хөгжүүлж, подкаст болон видео контентууд гаргаж, эвент зохион байгуулж байгаа билээ. Харин цаашдаа эдгээр ажлаа улам сайжруулахын зэрэгцээ үргэлж шинэлэг, бүтээлч байж уншигч та нарыгаа эмээ, өвөө болсон ч гашуун, чанартай байж байх тийм л Lemon Press-ийг бүтээнэ. 

Бидэнтэй хамт байсан уншигчид болон хамтрагч байгууллагууддаа баярлалаа. 🙏🏼
 
MARKET
Шатахууны хомстол?

GoGo

Төр засгийн маань олон жил шийдэж чадаагүй түгжрэлийн асуудал шийдэгдэх шиг боллоо шүү. Учир нь шатахуун хомстож, түгжрэл ч ариллаа. 

Хэргийн учир…

Манай улс сард дунджаар 38-40 мянган тонн шатахуун хэрэглэдэг ба шатахууны хэрэглээний 92%-ийг Орос дангаараа хангадаг аж. Харин тэдний нийлүүлэх хэмжээ нь огцом буурч, хангалттай хэмжээнд шатахуун нийлүүлэх боломжгүй байдалд хүрчээ.  

Тухайлбал…

  • Орос улсад парламентын сонгууль болсон нь Монголд нийлүүлэгдэх байсан шатахууны хэмжээ буурахад нөлөөлжээ
  • Ирэх 10 сарын 1 хүртэл Оросын талаас шатахуун нийлүүлэх боломжгүйд хүрсэн бөгөөд манай улс хэрэгцээгээ хангахын тулд Хятадаас авах шатахууны хэмжээгээ нэмэх аж.
  • УУХҮЯ-аас мэдээлж буйгаар Хятадаас 50 мянган тонн шатахуун авахаар гэрээ хийж, захиалгын эхний вагонууд 5-7 хоногт ирэх гэнэ.  
  • Зарим компанийн хувьд нэг хэрэглэгчид ₮30 мянгын шатахуун олгож байна. Мөн Петровисийн хувьд өртгөөсөө литр тутамд ₮123-өөр бага үнээр шатахуун худалдаж байгаа аж.   

Эцэст нь…

Шатахууны хомстлоос шалтгаалан манай хувьцаат компаниудын хувьд ч эрсдэл үүсэж байна. Шатахуунгүйгээс компаниудын үйлдвэрлэл, үйл ажиллагаа тасалдах мөн нөгөө талаас эрэлт буурах магадлал өндөр. Зах зээл дээр ямар дүр зураг ажиглагдах нь сонирхолтой байна шүү. 

Төрөөс импортлогч компаниудыг үнэ барь хэмээн тулгаж буй нь зах зээлийн зарчмаараа өсөх ёстой байсан шатахууны үнийг өсгөхгүй байгаа билээ. Ямартай ч энэ хэвээрээ удаан үргэлжилбэл хэдэн шатахууны компаниуд маань дампуурч, хотын түгжрэл эрс буурах нь дээ.  
 

WORLD
Та "шүгэл үлээж" байсан уу?

GIHPY

Америкийн Үнэт цаас, арилжааны хороо (SEC) шүгэл үлээсэн нэгэн хүнд $110 саяын шагнал олгожээ. Тэрээр өөрийн хувийн дүгнэлтийг SEC-д хүргүүлж, хяналт шалгалтынх нь ажлыг урагшлуулж өгсөн сурагтай. Гайхалтай 👏

  • Шүгэл үлээгч гэдэг нь: Ямар нэгэн байгууллага, эрх мэдэлтэн, өндөр албан тушаалтны хууль бус, зохисгүй үйлдлийг олон нийтэд ил болгож дуу хоолойгоо хүргэж байгаа хүнийг хэлнэ. 

SEC-ийн шүгэл үлээх хөтөлбөр тухайд

Анх 2012 оноос тэд шүгэл үлээх хөтөлбөрийг эхлүүлсэн ба түүнээс хойш нийт 207 шүгэл үлээгчид $1 тэрбумын шагналыг олгожээ. Эдгээр хэргийн цаана нийт $4 тэрбумын арга хэмжээг авсан байна. Шагналын хэмжээ нь тухайн хэрэгт оногдох торгуулийн төлбөрийн 10-30% байдаг аж. Түүхэнд 1 хүнд олгосон хамгийн өндөр дүнтэй шагналын хэмжээ $114 сая байсан бөгөөд энэ удаагийн шагналын хэмжээ нь үүний дараа 2-т орж байгаа юм.

Монголд энэ соёл нэвтэрсэн үү?

Бусад улс оронд шүгэл үлээгчийг хамгаалах тусгайлсан хуулийг гаргадаг бол манайд энэхүү асуудлыг шийдэх хуулийн зохицуулалт дутмаг байдаг. Тиймээс шүгэл үлээвэл буцаад өөрөө хэрэгт холбогдож, сүрдүүлэг, дарамт авах нь элбэг ажээ. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ намрын УИХ-ын чуулганаас өмнө шүгэл үлээгчийг хамгаалах хуулийг бэлэн болгосон байхыг шаардсан байдаг шүү. Удахгүй нэг юм дуулдаж магадгүй л юм шиг байна. 

Эцэст нь дүгнэхэд

Иргэний зориг гаргаж ёс зүйгүй асуудлыг ил болгох нь шүгэл үлээгчид эрсдэлийг дагуулдаггүй, харин ч бүр ингэж урамшуулдаг болчихвол олон шүгэл үлээгч гарч ирнэ дээ. 
 


FINSPIRATION BY SIMPLE
Дугтуйт төсвийн арга гэж юу вэ?

Дугтуйт төсвийн талаар хаа нэгтэйгээс сонсож байв уу? Зардал, төсвөө тооцдог санхүүгийн дархлаатай хүн бүрийн хамгийн шалгарсан арга гэж үздэг энэхүү аргын талаар өнөөдөр онцолъё.

Нэг өгүүлбэрт: Зорилтод төлбөр, тооцоогоо бүрдүүлэх болон мөнгөө хэмнэх хамгийн зохистой систем гэж үздэг ба өөрөөр Дэйв Рэмсигийн дугтуйны систем ч гэж нэрлэдэг.

Хэрэгжүүлэх нь: Ерөнхийдөө таны үрэлгэн байгаагийн гол шалтгаан бол хэрэглээний бүх мөнгөө нэг дансандаа хадгалж буй явдал юм. Ингэснээр зардал хязгааргүй гардаг ба хаа хүрээд улаан зураас тогтоох ёстойгоо хүн анзаардаггүй байна. Иймд:
  • Дугтуйт төсвийн аргыг хэрэгжүүлэхээс өмнө эхлээд орлого, зарлагаа тооцно.
  • Зардлаа сард зайлшгүй төлөх ёстой төлбөрүүдээ төрлөөр нь ангилах. Сарын хүнс, байрны лизинг, хүүхдийн сургалтын төлбөр гэх мэт.
  • Төсвийн ангилал бүрдээ зориулж бэлэн мөнгөний дугтуй бэлдэх. Хэрхэн ангилж болох талаар санаа авах бол энд даран аваарай. 
  • Эцэст нь төрлөөр нь ангилсан зардлын мөнгөний хэмжээг бэлтгэсэн дугтуй бүрдээ хуваарилж хийх. Жишээлбэл, өглөө бүр кофе худалдаж авдаг бол сарын кофеныхоо мөнгийг нэг дугтуйнд, интернэтийн төлбөрөө нэг дугтуйнд гэх мэт. 

Нэг зүйл сануулахад орлого тань хэрэглээнээс илүү гарах буюу зардал бага байгаа тохиолдолд үлдсэн хөрөнгөө хадгаламждаа эсвэл хөрөнгө оруулалтдаа зориулбал ер нь зүгээр шүү.  

*Энэхүү нийтлэлийг Simple апп-тай хамтран бүтээв.
 


QUICK REVIEWS

Reuters

1️⃣ Европын үүлэн технологийн үйлчилгээ үзүүлэгч OVHcloud IPO хийнэ. Тэд Америк, Европ, Сингапур, Австралид үйлчилгээгээ үзүүлдэг ба IPO-оор $4.7 тэрбумаар үнэлэгдэх төлөвтэй байгаа аж. Тус компани үүлэн технологийн акулууд болох Microsoft Azure болон Google Cloud-тай хэрхэн өрсөлдөх нь хөрөнгө оруулагчдын хувьд хамгийн их сонирхлыг нь татаж байна даа.

2️⃣ “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллалаа 2021” цахим форум болно. Уг форумыг СЗХ-оос зохион байгуулж байгаа ба 9 сарын 23, 24-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм. Форумд үнэт металл, үнэт эдлэлийн арилжаа эрхлэгчид, үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллагууд, эрх бүхий төрийн болон хувийн хэвшлүүд оролцох аж.

3️⃣ JPMorgan (JPM) ирэх 7 хоногт Их Британид дижитал банкаа нээнэ. Тэд 222 жилийн турш үйл ажиллагаагаа явуулахдаа анх удаа арилжааны банкны салбараа гадаад улсад нээж буй нь юм. Их Британи нь арилжааны банк болон финтек стартапуудыг уриалгахан хүлээж авдаг ажээ.

4️⃣ ТэнГэрЛиг Медиа Групп (TNGR) нэмэлт хувьцаа гаргана. МХБ-д бүртгэлтэй цор ганц медиа компани болох ТэнГэрЛиг Медиа Групп нь СЗХ-оос хаалттай хүрээнд 5.9 сая ширхэг энгийн хувьцааг нэмж бүртгүүлэх зөвшөөрлөө авчээ
 
SPONSORED BY PMI MONGOLIA
Үнэ цэн нь өсөж буй төслийн менежмент
PMI Mongolia

Аж үйлдвэрийн хувьсгалаас хойш ажил хэргийг удирдах тухай ойлголт тогтмол хувьсан өөрчлөгдсөөр байгаа билээ. Тухайлбал, хийсвэр санааг бодит хөрсөн дээр амжилттай буулгахаар тодорхойлогдох төслийн удирдлагын ач холбогдол урьд хожид байгаагүйгээр нэмэгдэх болжээ.

Өөрөөр хэлбэл мэргэжил, хүйс, шашин харгалзахгүй төслийн удирдлага нь хүн бүрийн өдөр тутамд хэрэгцээтэй мэдлэг болон хувирсан гэсэн үг юм. Дэлхий даяар ийнхүү анхаарал татаж буй төслийн удирдлага, төслийн эдийн засгийн тухай олон улсын цахим хурлыг “PMI Mongolia Chapter”-аас энэ сарын 24-ний өдөр зохион байгуулах гэж байна. Энэхүү хурлын үеэр:

  • Дэлхийн түвшний чансаатай илтгэгчид нэг дор цуглана.
  • Олон улсын хэмжээний төслүүдийг амжилттай удирдаж буй гүйцэтгэх удирдлагууд хэлэлцүүлэг хийж, өдгөө бизнест тулгарч буй бэрхшээл, түүнийг даван туулах стратегийнхаа тухай хуваалцана.
  • Цахимаар зохион байгуулагдах учраас та хурлыг 7 хоногийн хугацаанд хэзээ ч, хаанаас ч, хэдэн ч удаа нөхөн үзэх боломжтой гэсэн шүү.

Хэрэв та хуралд оролцохыг хүсвэл тасалбараа яг одоо энд даран амжиж худалдан аваарай. 
 


Бидний 1 жилийн ой болж байгаатай холбогдуулан эхний бэлгээ задалж байна, "энд дарна уу" гэдэг дээр дараад үзээрэй.
 


WE'RE READING

  • Дижитал эрин: Бидний мэдээлэл төрийн байгууллагуудад хадгалагдаж байдгийг мартаагүй биз? Тэгвэл тэд хэрхэн дата менежмент хийдэг юм бол? (Mckinsey&Company)
  • iSO 15: iPhone гар утасны энэ жилийн шинэчлэлд ямар өөрчлөлтүүд байгаа вэ? Энэ утас ч бүр гүйцэгдэхгүй нь ээ. (CNBC)
  • Эрэгтэй оюутан?: Америкийн их сургуулиудад эрэгтэй оюутан харагдах нь өдрийн од шиг л болж байгаа гэнэ дээ. Саяхан манайд ч адилхан судалгаа гарсныг үзсэн байх. Тэгвэл шалтгаан нь яг юунд байна вэ? (WSJ)
  • Тархины зуршил: Сонголт мухардахад бидний тархи хэрхэн алдаатай ажилладаг юм бол? (Baabar.mn)
     

SHARE

Lemon Press товхимлын ээлжит дугаарыг та хүлээн авлаа. Хэрэгтэй мэдээлэл багтсан байсан бол цааш нь түгээгээрэй. Түгээхгүй байсан ч болно доо, хүний л амьдрал. Мөн та Lemon Press товхимолтой хамтарч ажиллах, сурталчилгаа байршуулах хүсэлтэй бол энд дарна уу.

Facebook
Twitter
Instagram
YouTube
Товхимлыг бичсэн: Э.Золбаяр (@ZolooTeddy), А.Баттүвшин (@battuvshin), Б.Эсүхэй (@esukhei.b), Ө.Түмэндарь(@tumendari), С.Ананд (@anannd)

Таны хаяг Lemon Press цахим товхимолд бүртгэгдсэн тул энэ имэйл очиж байна. Та бүртгэлээ устгахыг хүсвэл энд дарна уу.

Disclaimer: Энэхүү товхимолд дурдагдсан компанийн хувьцаа, бонд, үнэт цаас, криптовалют болон бусад төрлийн санхүүгийн хэрэгслүүдэд хөрөнгө оруулах нь таны бие даасан шийдвэр бөгөөд манай товхимлын зүгээс зөвхөн мэдээллийн чанартай илгээсэн болно.
    

All rights reserved. Copyright© Lemon Press Digital // 16F, Ayud Tower, Sukhbaatar Square, Ulaanbaatar 14200, Mongolia






This email was sent to <<Email Address>>
why did I get this?    unsubscribe from this list    update subscription preferences
Lemon Press · 13F, Central Tower, Ulaanbaatar, Mongolia · Ulaanbaatar, 01 14200 · Mongolia