Copy
Powered by 

Өглөөний мэнд ээ. Он дуусахад 99 хоног үлджээ манайхаан. Энэ жилийн зорилт, зорилгуудынхаа явцыг нэг шалгаарай. Гэснээс манай 1 жилийн ойн гэнэтийн бэлгүүд маань дуусаагүй байгаа шүү. 🤗
 


MARKETS
1D 1W
NASDAQ 14,746.40 +0.22% -1.94%
MSE 20 42,915.86 -0.37% -2.81%
Nikkei 225 29,639.40 -0.67% -3.36%
Bitcoin 42,160.68 -2.42% -11.43%
Gold 1,774.80 +0.46% -1.11%
Oil 71.59 +0.77% +0.17%

USA: Америк коронавирусийн эсрэг 500 сая вакциныг бага болон дундаж орлоготой улсуудад дахин хандивлана

BOM: 9 сарын 20-ны байдлаар 10,067 зээлдэгчид ₮756.8 тэрбумын ипотекийн зээл олгожээ.  

ADB: Азийн Хөгжлийн Банк Монгол улсын 2021 оны ДНБ-ийн өсөлтийн төсөөллөө 4.6% болгож бууруулсан ба энэ нь 4-р сарын тооцооллоос 0.2 нэгж хувиар бага үзүүлэлт аж. 
 


FINANCIAL MARKET
Market crash or buy the dip?

GIPHY

Саяхан л эзэн нь Хятадын хамгийн баян эрхэм болж байсан Evergrande групп өрөө төлж чадахгүйд хүрч, дампуурч буй билээ. Тэгвэл үүнийг Lehman Brothers-ийн дампууралтай адилтган зах зээлд айдас үүсэж дэлхий даяар уналт болов. 

  • Дампуурлын шалтгаан: Бүхэл бүтэн Орос улсын өр 2020 онд $257 тэрбум байсан бол тэдний өр, төлбөр $313 тэрбумд хүрч байжээ. Маш их хэмжээний зээл, бонд өндөр хүүтэй авахын зэрэгцээ цахилгаан машин үйлдвэрлэл, хөлбөмбөгийн баг зэрэг өөр салбаруудад их мөнгө хаяжээ. Харамсалтай нь цар тахлаас шалтгаалан борлуулалт, орлого нь огцом буурснаар ийм байдалд хүрлээ. 
Lehman Brothers-тай харьцуулаад дэмий

Учир нь Lehman Brothers санхүүгийн бүтээгдэхүүнүүд эзэмшдэг байсан учир санхүүгийн зах зээлд асар том цохилт болсон бол Evergrande-ийн хувьд маш их хэмжээний газар, үл хөдлөх буюу биет хөрөнгө эзэмшдэг юм. Зарим шинжээчид бүр хангалттай мөнгө нэмж оруулаад зарим төслүүдээ дуусгаад, борлуулж эхэлбэл буцаад хөл дээрээ босох ч боломжтой талаар дурдав. Ямартай ч дэлхий даяар айдас намдаж ихэнх томоохон индексүүд болон крипто эргээд өндийж байна. 

Хятадын хувьд асуудал дуусаагүй
Хятадын өрийн асуудал яригдаад олон жил байгаа билээ. Энэ оны эхний хагаст л гэхэд $10 орчим тэрбумын бондоо Хятад компаниуд төлж чадаагүй аж. Evergrande бол зөвхөн эхлэл, ийм их өртэй Хятадын компаниуд маш их бий гэнэ. Хятад төрийн төмөр нүүрийг харуулж эхэлснээр өдгөө Хятадын зах зээл хөрөнгө оруулагчдын айдас, хүйдэс болоод байгаа. Гэтэл бүр үл хөдлөх хөрөнгийн зах зээл цаашлаад нийт зах зээл нь ганхаж эхэллээ.
Суралцах нь
Evergrande-ийн түүхээс 2 зүйлийг ойлгож авцгаая: 
  • Бүгд эрсдэлтэй: Эрсдэлгүй хөрөнгө оруулалт гэж үгүй. Тэгэхээр ямар ч мундаг, гоё, том компани байсан эрсдэл тодорхой хэмжээнд байдаг шүү гэдгийг санацгаая. Nokia, Yahoo хүртэл дампуурсан шүү дээ. Тийм ч учраас хөрөнгө оруулалтын багц бүрдүүл гэдэг биз ээ. 
  • Санхүүг нь харах: Та сүртэй шинжилгээ хийж, судлаад байж амжихгүй, мэдэхгүй байж болно. Гэхдээ та ядаж хөрөнгө оруулах гэж буй компанийнхаа хэр ашиг, орлоготой ажилласан болон хэр өр, зээлтэй гэдгийг хялбархан харчих боломжтой юм шүү. 
 
TECH
Сайн уу? E-Mongolia 2.0

ХХМТГ

Манай 1 жилийн ойтой зэрэгцээд E-Mongolia цахим системийн ч жилийн ой тохиож байна. Үүнтэй холбогдуулж тэд системийнхээ 2.0 хувилбарыг олон нийтэд танилцуулсан юм. Шинээр гарах гэж буй E-Mongolia системийн хувилбар нь олон үйлчилгээ, хөгжүүлэлтийг өөртөө багтаах ажээ. 

E-Mongolia 2.0-ын онцлог  

  • Хиймэл оюун ухаан: Иргэдэд хэрэгтэй зарим төрлийн төрийн үйлчилгээг хиймэл оюун ухаан өөрөө санал болгох аж. 
  • Цахим бичиг баримт: Цаашид бичиг баримтыг хэтэвчиндээ авч явах шаардлагагүй болох ба эхний ээлжид жолооны үнэмлэх цахим хэлбэрт шилжих гэнэ. 
  • Дуу хоолой: Иргэдийн төрийн байгууллагын үйлчилгээнд  гаргаж буй гомдол, санал хүсэлтийг 1111 төвөөр бүртгэн авч хамгийн их гомдол гарч буй төрийн үйлчилгээ, байгууллагыг E-Mongolia цахим системд нэгтгэж байгаа гэнэ. Хүнд сурталд баяртай гэж хэлэх цаг иржээ. 

Системийн давуу тал

Төрийн үйлчилгээг урд өмнө нь урт дараалалд өдөржин зогсож, арай гэж нэг юм авдаг байсан бол одоо E-Mongolia-ийн тусламжтай хэдхэн хормын дотор л олон зуун үйлчилгээг авах боломж бүрдсэн билээ. 

Сүүлийн 1 жилд: 

  • 540: 1 жилийн хугацаанд хугацаанд тэдний иргэдэд үзүүлж буй үйлчилгээний тоо 3 дахин өсөж, 540 болжээ. 
  • 733 мянга: Нийт гар утасны апп хэрэглэгчдийн тоо 733 мянгад хүрчээ. /Таны утсан дээр бараг байгаа даа/
  • 3.3 сая: Сүүлийн 1 жилийн хугацаанд 3.3 сая үйлчилгээг тус системээс иргэд, ААН-үүдэд үзүүлжээ.
  • ₮46 тэрбум:  Иргэдийн нийт хэмнэсэн зардлыг тооцоод үзвэл аль хэдийн ₮46 тэрбумд хүрсэн гэнэ.  

Цаашид тэгвэл...

Тус системийн тусламжтай төрийн байгууллагад илүү цахим засаглал руу шилжих бөгөөд энэ нь авлига буурах, хувь хүнээс хамаарах төрийн хүнд суртлыг бууруулахад чухал нөлөөтэй ажээ. Хэрэв энэ талаар бүр ихийг мэдэхийг хүсвэл энд дарж, манай Lunch Hour подкастыг сонсоорой. 😉
 


MINING 101
Уул уурхайн салбарын эрсдэл 
KPMG 

Уул уурхай ч их л ярвигтай салбар байдаг шүү. Учир нь уул уурхайн төслийг эхлүүлэхэд их хэмжээний санхүүжилт хэрэгтэй байдаг ба энэ санхүүжилтийг хөрөнгө оруулагчдаас олж авахын тулд тэдний хөрөнгийг тодорхой хэмжээнд өсгөж чадна гэдгээ итгүүлэх хэрэгтэй болдог. Гэвч нөгөө талдаа тухайн төслийг асар олон эрсдэлүүд хүлээж суудаг аж. Тухайлбал:

  • Зохицуулалтын эрсдэл: Байгалийн баялгийг авч ашиглахын тулд мэдээж тусгай зөвшөөрөл авах хэрэгтэй болно. Түүнээс гадна уул уурхайн төсөл нь урт хугацаанд үргэлжилж байж ашигтай ажилладаг. Тиймээс төр засгаас жил болгон хууль эрх зүйн заалтыг өөрчлөх, тусгай зөвшөөрөл авах шалгуурыг шинэчлэх зэрэг нь тухайн төслийг дундаас нь зогсоох томоохон шалтгаан болдог байна. 
  • Түүхий эдийн үнийн хэлбэлзэл: За түүхий эдийн үнийн хэлбэлзэл бол уул уурхайн салшгүй эрсдэл гэж ойлгож болох билээ. Эрэлт болон нийлүүлэлтийн хүчин зүйлээс шалтгаалж түүхий эдийн үнэ байнга хэлбэлзэж байдаг ба уул уурхайн төсөл нь ирээдүйн ашиг алдагдлаа тооцож гаргахад хамгийн ихээр хүндрэл учруулдаг байна.
  • Хөрөнгийн эрсдэл буюу төлөвлөгдөөгүй зардал: EY-аас гаргасан судалгаагаар “зардлын хэтрэлт” нь 2021 онд уул уурхайн салбарт тулгараад буй хамгийн томоохон эрсдэлүүдийн нэг байжээ. Цар тахлын нөлөөгөөр үүссэн тодорхой бус нөхцөл байдал болон хөл хорионы хязгаарлалт нь төлөвлөөгүй байсан их хэмжээний зардлыг бий болгожээ. 
     

QUICK REVIEWS

Oyu Tolgoi

1️⃣ Оюу Толгой ХХК тэтгэлэгт хөтөлбөрөө зарлалаа. Оюу Толгой ХХК боловсрол, хүний хөгжилд чиглэсэн үйл ажиллагаагаа сургууль, коллежийн барилга барьж, тохижуулахаас эхлээд оюутнуудыг тэтгэлэгт хамруулах зэргээр өргөн хүрээнд зохион байгуулдаг билээ. Ийнхүү тэд тус хөтөлбөрийнхөө хүрээнд 2021-2022 оны хичээлийн жилд нийт 5 төрлийн хөтөлбөр зарлажээ.

2️⃣ Google (GOOGL) $2.1 тэрбумаар оффис худалдаж авна. Хэдий Google-ийн ажилчид гэрээсээ ажиллаж байгаа ч компанийн зүгээс Нью-Йорк хотод байршилтай оффис худалдан авахаар болжээ. Энэ нь цар тахал гарснаас хойших АНУ-ын хамгийн өндөр үнэд хүрсэн оффис болоод байна. 

3️⃣ WeWork SPAC-р дамжуулан олон нийтэд нээлттэй болно. Тэд 2019 онд IPO хийх хүсэлт гаргаснаас хойш ийнхүү 2 жилийн дараа SPAC-аар дамжуулан олон нийтэд нээлттэй болох нь ээ. Энэ оны 3-р сард тус компани BowX Acquisition компанитай нэгдэн SPAC хийхээр тохиролцсон бөгөөд ирэх 10 сарын 21-нд Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр “WE” тикертэй бүртгэгдэх аж. 

4️⃣ DraftKings спорт бооцооны Entain (ENT) компанийг худалдаж авах $20 тэрбумын санал тавив. Хэлэлцээрийн тухай мэдээ олон нийтэд цацагдахаас өмнө Entain-ийн үнэлгээ $18 тэрбум байсан бол мэдээ цацагдсаны дараа хувьцаа нь 18%-аар өссөн байна
 
SPONSORED BY UNIVISION
Mesh Wifi төхөөрөмж
Univision

Гэрээсээ онлайнаар суралцаж, ажилладаг болсноос хойш интернетийн хэрэглээ 2 жилийн өмнөхөөс даруй 70% өсжээ. Гэр бүлийн гишүүн бүрд интернетийн хамрах хүрээ хангалттай хүрэлцэхгүй байгаа энэ үед Юнивишн том орон зайд өндөр хурдны интернет сүлжээ үүсгэх зориулалттай Mesh Wi-Fi төхөөрөмжийг танд санал болгож байна.

Mesh Wi-Fi төхөөрөмж интернетийн сүлжээг тэлэхээс гадна
  • Зочдод зориулан нууц үг үүсгэх
  • Интернетэд холбогдсон бүх төхөөрөмжийг хянах
  • Mesh Wi-Fi төхөөрөмжийн нууц үгийг дураар тохируулах
  • Гэр бүлийн интернет хэрэглээг зүй зохистой интернет хязгаарлах зэрэг өргөн боломжтой.

Төхөөрөмжийн зохих байршил

  • Интернетийн сүлжээ муу барьдаг хэсэг
  • Wi-Fi төхөөрөмжгүй өрөө
  • Амины орон сууцны давхар бүр, тагт гэх мэт интернетийн хязгааргүй эрх чөлөө мэдрэхийг хүсэж буй газар бүрдээ тавихад болно.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дараарай.
 


GIVEAWAY

Бид 1 жилийн ойгоо тохиолдуулан зарлаж буй 2 дахь гэнэтийн бэлгээ "Инвескор Капитал" ҮЦК-тай хамтран хүргэж байгаа билээ. Аз од нь шовойсон 10 уншигчдадаа 1 жилийн хугацаанд ₮500 саяын үнийн дүн бүхий арилжааг брокерийн шимтгэлгүй хийх эрхийг олгох юм.  🤩

Хэрхэн азтан болох вэ?
  • 3 азтан: Манай товхимлыг гарсан цагаас нь эхлэн өдийг хүртэл хамгийн их уншсан "dorjooXXX@gmail.com", "diamondamuXXX@gmail.com", "l.bayXXX@gmail.com" 3 маань дээрх эрхийг шууд авах юм. (Бид удахгүй холбогдоно оо)
  • Дараагийн 3 азтан: Дээрх постерын "энд дарна уу" хэсэг дээр дарж манай бэлдсэн "escape room" сорилыг хамгийн түрүүлж давж чадсан 3 уншигч.
  • Үлдсэн 4 азтан: Бид өнөөдөр өөрсдийн фэйсбүүк болон твиттер хуудсаараа дамжуулж бяцхан даалгавар бэлдэх ба тэр даалгаврын ялагч болсон 4 азтан маань тус тус дээрх эрхийг хожих нь ээ.
Хэрэв та "Инвескор Капитал" ҮЦК-ийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг авах бол энд дараарай. 
 

WE'RE READING

  • Одон орон судлал: 10 жил тутамд Америкийн одон орон судлалынхан ирэх 10 жилд ямар чиглэлд илүү их хөрөнгө, цаг хугацаа зарцуулахаа судалж шийддэг гэнэ. Харин энэ удаад хиймэл ухаан ашиглаж магадгүй гэх? (MIT Technology Review)
  • Маск зүүх: Шинэ амьдралын хэв маягийг маск зүүхгүйгээр төсөөлөхийн аргагүй болжээ. Тэгвэл та ер нь маскаа яаж зүүдэг вэ? Буруу зүүгээд байгаа юм биш биз? (Bloomberg)
  • Гар утасны апп: Дэлхий нийтээрээ ямар төрлийн гар утасны апп-ыг хэрэглэдэг талаар нэгд нэгэнгүй харуулжээ. Сонирхуулахад YouTube-ийг хамгийн олон хүн ашигладаг гэнэ дээ. (Visual Capitalist)
  • Мэдвэл зохих: Цэнхэр дэлгэцнээ гарч буй “ГАРЧИГ” нэвтрүүлгийн талаар дуулсан л байлгүй. Энэ нэвтрүүлгийн тухай таны мэдэхгүй 5 баримт энд орсон байна шүү. (UB.Life)
     

SHARE

Lemon Press товхимлын ээлжит дугаарыг та хүлээн авлаа. Хэрэгтэй мэдээлэл багтсан байсан бол цааш нь түгээгээрэй. Түгээхгүй байсан ч болно доо, хүний л амьдрал. Мөн та Lemon Press товхимолтой хамтарч ажиллах, сурталчилгаа байршуулах хүсэлтэй бол энд дарна уу.

Facebook
Twitter
Instagram
YouTube
Товхимлыг бичсэн: Э.Золбаяр (@ZolooTeddy), А.Баттүвшин (@battuvshin), Б.Эсүхэй (@esukhei.b), Ө.Түмэндарь (@tumendari)

Таны хаяг Lemon Press цахим товхимолд бүртгэгдсэн тул энэ имэйл очиж байна. Та бүртгэлээ устгахыг хүсвэл энд дарна уу.

Disclaimer: Энэхүү товхимолд дурдагдсан компанийн хувьцаа, бонд, үнэт цаас, криптовалют болон бусад төрлийн санхүүгийн хэрэгслүүдэд хөрөнгө оруулах нь таны бие даасан шийдвэр бөгөөд манай товхимлын зүгээс зөвхөн мэдээллийн чанартай илгээсэн болно.
    

All rights reserved. Copyright© Lemon Press Digital // 16F, Ayud Tower, Sukhbaatar Square, Ulaanbaatar 14200, Mongolia






This email was sent to <<Email Address>>
why did I get this?    unsubscribe from this list    update subscription preferences
Lemon Press · 13F, Central Tower, Ulaanbaatar, Mongolia · Ulaanbaatar, 01 14200 · Mongolia