Copy

Өглөөний мэнд ээ. Дэлхий даяар Facebook, Instagram, WhatsApp шөнөжин ажилласангүй шүү. Дор хаяж 3 тэрбум хүн, хэдэн зуун мянган бизнесүүд ашигладаг платформууд шүү дээ. Хэрэв таны бизнес зөвхөн Facebook, Instagram-аас хамааралтай бол нэмэлт сувгууд бодож эхлэх цаг болжээ. Бүх өндгөө нэг сагсанд бүү хий гэдэг байх аа. 
 


MARKETS 
1D 1W
MSE 20 42,369.02 +0.13% -2.13%
Nikkei 225 28,444.89 -1.13% -5.94%
Hang Seng 24,036.37 -2.19% -0.71%
Bitcoin 47,703.30 -0.42% +9.25%
Gold 1,750.90 -0.59% +0.16%
Oil 75.77 -0.14% +1.22%

HK: Evergrande-ийн арилжаа зогссоноор Хонконгийн Hang Seng индекс 2% унаж, 24,036.37 боллоо

MSE: Эрдэнэ Ресурс ХК-ийн нэмэлтээр гаргасан хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны гүйцэтгэл 39.12%-тай байна

COV: Коронавирусын дотоодын нийт илэрсэн тохиолдол 400К давлаа
 


POLITICS
Пандорагийн хайрцаг дахин задрав

ICIJ

Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консерциум (ICIJ) дэлхийн удирдагчид, тэрбумтнууд, нөлөө бүхий эрхмүүдийн оффшор бүс дэх хөрөнгийг дахин ил болголоо. Энэ удаа “Pandora papers” нэр доор 2.9 терабайт багтаамжтай 11.9 сая баримтыг задалснаар яг л эртний Грекийн домогт гардаг шиг Пандорагийн хайрцаг задрах нь энэ ээ.

Оффшор, бас дахин оффшор

2016 оны 5 сарын 9-нд “Panama papers” гэх 2.6 терабайт дата задарч, улс төрчид болон томоохон бизнесменүүдийн татвараас зугтах, мөнгө угаах зэрэг санхүүгийн гэмт хэрэг ил болж дуулиан тарьж байв. Харин энэ удаад хувийн и-мэйл, гэрээ ба гэрэл зураг зэрэг олон төрлийн баримтаар дамжуулж, 29 мянга гаруй оффшор компанийн жинхэнэ эздийг ил болголоо. Үүнд, 336 улстөрч нэрлэгдэж байгаагаас 35 нь төрийн өндөр албан тушаал хашиж байсан, одоо ч хашсаар байгаа аж. Мөн эзэн хаадын гэр бүлийнхэн, Форбесын тэрбумтнууд, урлаг соёлын алдартнууд, шашны байгууллагын тэргүүнүүд, гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогч гээд 130 гаруй хүний нэрс энд бий.

  • Оффшор гэдэг нь: Юун түрүүнд оффшор данстай хүн болгон муу хүн биш юм шүү. Энгийнээр бол энэ зүгээр л гадаадад банкны данс нээлгэхийг хэлж буй юм. Харин татвараас зугтаах, бохир замаар олж авсан мөнгөө угаах зорилготой данс нээсэн бол мэдээж буруудаж байгаа юм. Ихэвчлэн оффшор бүсийн мэдээлэл хаалттай, олж авахад хэцүү байдаг учир бохир мөнгө байршуулахад таатай бүс болдог. 

Хэн хэн тайланд дурдагдчихав?

  • Том нэрс: Украйны Ерөнхийлөгч Володимр Зеленский, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины ойрын хүрээлэл, Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр, Кени Улсын Ерөнхийлөгч Ухуру Кениатта гээд томчууд оффшор хөрөнгөтэй нь батлагдлаа
  • Танил нэрс: Ерөнхий сайд асан Сү.Батболд, дуучин Шакира болон загвар өмсөгч Клаудиа Шиффер нар тайланд дурдагдаад авав. 
  • $100 сая: Иордан Улсын хаан Абдулла II-ын Малибу, Калифорни ба Лондон зэрэг хотууд дахь үл хөдлөх хөрөнгийн хэмжээ $100 сая хүрчээ
  • $540 сая: Азербайжаны Ерөнхийлөгч Илхам Алиевийн гэр бүлийн сүүлийн жилүүдэд хийсэн үл хөдлөх хөрөнгийн худалдан авалтын дүн $540 сая байв. 
  • $91 сая: Их Британийн Хатан хааны ордны албаны Алиевын гэр бүлээс авсан үл хөдлөх хөрөнгийн үнэ $91 сая хүрсэн аж.

“Пандорагийн хайрцаг” нэгэнт задарсных, та бид дахиад л оффшороор амьсгалах нь тодорхой болов. 
 


MARKET
Global app 3rd quarter revenue

А.Оюун-Эрдэнэ / Lemon Press 

Цар тахал гарснаас хойш хамгийн их өсөлт үзүүлж буй зах зээл бол яах аргагүй гар утасны зах зээл билээ. Тэгвэл энэ жилийн III улирлаар гар утасны апп-уудын орлого дэлхий даяар $34 тэрбумд хүрч, өндөр өсөлт үзүүлжээ. 

Чухам юу болоод өсөөд байна?

Дэлхий даяарх апп татан авалт болон апп доторх худалдан авалтын орлого өнгөрсөн оны мөн үеэс 15.1%-аар өссөн байна. Хэдий App Store Google Play-тэй харьцуулахад өсөлт бага байсан ч орлого нь 13.2%-аар өсөж, $21.5 тэрбумд хүрчээ. Ийнхүү апп татан авалтын тоо өсөөд буй шалтгаан мөнөөх л цар тахал юм шүү дээ. Та ч гэртээ байх хугацаандаа Among Us татаж тоглосон, Clubhouse татаж буу халсан л байлгүй. 

Хамгийн хамгийн…

  • TikTok-ийн тууштай өсөлт: Энэ оны III улиралд тэд дахин хаанчлалаа үргэлжлүүлж, дэлхийн хамгийн өндөр орлоготой болон хамгийн их татагдсан апп-аар тодров. Тэдний орлого өнгөрсөн оны мөн үеэс 41% өссөн бөгөөд нийт хэрэглэгчдийн тоо 3 тэрбумыг давснаар ийм хэмжээнд хүрсэн анхны Фэйсбүүкээс хамааралгүй апп болжээ. 
  • Гандан буурахгүй PUBG: Гар утасны тоглоомын зардал дэлхий даяар 7.7% өсөж, $22.4 тэрбумд хүрсэн нь Google-ийн зах зээлээс үүдэлтэй аж. Tencent (0700)-ийн PUBG Mobile тоглоом III улиралд $5 тэрбумын орлого олж дэлхийн хамгийн өндөр орлоготой гэсэн байр сууриа хадгалсаар буй юм. Харин удаах байруудад Honor of Kings болон Genshin Impact тоглоомууд багтжээ. 

IV улиралтай золгох нь

Хэдийгээр гар утасны зах зээл сүүлийн 3 улиралд хэвийн хэмжээнд байгаа ч АНУ дахь Epic Games, Apple хоёрын хэргийн үр дүн, Хятадын гар утасны тоглоомын бодлогод хийсэн өөрчлөлт зэрэг нь ирэх улиралд тус зах зээлд гэнэтийн байдлаар нөлөөлж магадгүй байна шүү. 
 


POP-UP START UP
Хувийн хоол зүйч Тиби апп

Tibi

Эрүүл хооллолтоос эхлээд, жин барих, чийрэгжих гээд л эрүүл амьдрах талаар янз бүрийн л апп-ууд харагддаг даа. Тэгвэл Монгол залуусын хөгжүүлсэн таны эрүүл мэндэд хэрэгтэй нэгэн апп-ыг танилцуулъя.

Гэснээс дэлхийн зах зээлд эрүүл мэндийн болон фитнесийн үйлчилгээ үзүүлдэг стартапын зах зээл 2020 онд $4 тэрбумаар үнэлэгдээд байгаа бол уг дүн 2030 он гэхэд 4.6 дахин өсөж, $18.7 тэрбум хүрэх ажээ. Бас л боломж дүүрэн зах зээл байна даа. За буцаад сэдэврүүгээ орж, Тиби апп-ын онцлогуудаас дурдахад: 

  • Үүсгэн байгуулагчид: Анагаах ухааны доктор хүний эх эмч, хоол зүйч мэргэжилтэй 3 бүсгүй уг апп-ыг бүтээжээ. 
  • Хоолны цэс: 120 гаруй эрүүл, тэжээлийн тэнцвэртэй хоолны цэс бүхий мэдээллийн сантай гэнэ.
  • Илчлэгийн хяналт: Өдөрт авч буй илчлэгийн чанар, макро тооцоологч, алхалт хэмжигч, шатаасан калори гээд л хамаг юмыг тань хэлээд өгөх нь ээ.
  • Хүний бүрд зориулсан дэглэм: Хувь хүний мэдээллийг цуглуулж, тухайн мэдээлэл дээр тулгуурлан тохирсон хоолны дэглэмийг нь төлөвлөж өгдөг ажээ.
     

QUICK REVIEWS

МҮЦКТ

1️⃣ “Хөрөнгийн зах зээл - Хөгжлийн гарц” цахим өдөрлөг өнөөдөр 14 цагаас болно. Тус өдөрлөгийг МХБ, Монголын үнэт цаасны клирингийн төв, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос хамтран зохион байгуулж байгаа аж. Хөрөнгийн захыг сонирхдог IT, хууль, бизнес гээд аль ч чиглэлээр сурч байгаа оюутан залуус тус өдөрлөгт энэ линкээр ороод суугаад аваарай. 😎

2️⃣ Lucid Motors (LCID) хамгийн сүүлийн үеийн цахилгаан машинаа танилцуулав. Тус компанийн Lucid Air Dream Edition хэмээх загвар нь нэг цэнэглэлтээр 520 милл явах чадалтай бөгөөд энэ нь одоо байгаа ямар ч цэнэглэдэг цахилгаан автомашинуудаас хамгийн өндөр үзүүлэлттэй нь болоод байна.

3️⃣ SolMonkey $2 саяд хүрсэн анхны солона дээр суурилсан NFT боллоо. Block Crypto-ийн мэдээлснээр ердөө гуравхан 7 хоногийн өмнө солонад суурилсан NFT-ийг $1 сая гаруйгаар зарж байжээ. NFT гэснээс, NFT-ийн талаар манай Lunch Hour подкастыг сонсоогүй байгаа бол эндээс сонсоорой. 

4️⃣ Зээлийн мэдээллээ “e-Mongolia”-гаас харах боломж нээгдлээ. Шинэчилсэн “e-Mongolia” системд иргэд цахим бичиг баримттай болсноор төрд буй өөрийн нэр дээрх мэдээллийг үнэ төлбөргүй харах боломж бүрджээ. Ингэснээр иргэд зээлийн мэдээллээ ч шууд үнэгүй харах боломжтой гэнэ.

 
OFFICE DISCUSSION
Танай байгууллага Slack ашигладаг уу?

Танай компани ажил хэргийн харилцаандаа ямар платформ, апп ашигладаг вэ? Манайхтай адил Slack ашигладаг хүмүүс үүнийг уншиж байгаа уншигчдын дунд байгаа л байлгүй дээ. Өнгөрөгч Баасан гарагт тус платформын үйл ажиллагаа дэлхий даяар гэнэт доголдолд орж, зогсжээ. Slack-ийн зүгээс “DNS-тэй холбоотой асуудал гарсан тул хэрэглэгчид ISP тохиргоогоо өөрчлөх шаардлага гарч магадгүй” хэмээжээ. 

Ийнхүү мэдэгдэл хийснээс хойш 24 цагийн дараа платформ хэвийн байдалдаа эргэн орсон байна. Гэрээр ажиллаж байсныг ч хэлэх үү ганцаараа баахан гайхаж, гайхаж аппаа устгаад татаж авснаа нуух юун. Харин та нар ямар үйлдэл хийсэн бэ? Ер нь албан харилцаанд ашигладаг платформуудаас хамгийн дажгүй нь аль нь гэж бодож байна? 
 



WE'RE READING

  • Хуучин утсаа хадгал: Уур амьсгалын өөрчлөлтөд өөрийн хувь нэмрээ багахан ч болтугай оруулахыг хүсэж байна уу? Тэгвэл хуучин iPhone утсаа битгий хаяарай гэж байна шүү. (CNN)
  • Диплом хэрэггүй: Ирэх 10 жилд бакалаврын диплом шаардахгүй, хамгийн эрэлттэй байх 10 мэргэжлийн жагсаалт гарчээ. Сургалтын төлбөр гэхгүй амар ч юм уу? (CNBC)
  • Бизнес эрхлэгчдэд: Хувийн бизнесээ эхлүүлэх гээд эсвэл компанийнхаа бизнесийг өргөжүүлэх гэсэн чинь нэг л болж өгөхгүй байна уу? Асуултуудынхаа хариултыг эндээс олоорой. (Inside Business)
  • Мэдлэгт нэмэр: McKinsey жил бүр оны шилдэг бизнесийн ном шалгаруулдаг ба энэ жилийн шилдэгт 600 ном өрсөлдсөн гэнэ шүү. Харин шилдэгт ямар номууд багтсан бол? (McKinsey)
     

SHARE

Lemon Press товхимлын ээлжит дугаарыг та хүлээн авлаа. Хэрэгтэй мэдээлэл багтсан байсан бол цааш нь түгээгээрэй. Түгээхгүй байсан ч болно доо, хүний л амьдрал. Мөн та Lemon Press товхимолтой хамтарч ажиллах, сурталчилгаа байршуулах хүсэлтэй бол энд дарна уу.

Facebook
Twitter
Instagram
YouTube
Товхимлыг бичсэн: Э.Золбаяр (@ZolooTeddy), А.Баттүвшин (@battuvshin), Ө.Түмэндарь (@tumendari), Т.Жаргалсайхан (@jargalsaikhan)

Таны хаяг Lemon Press цахим товхимолд бүртгэгдсэн тул энэ имэйл очиж байна. Та бүртгэлээ устгахыг хүсвэл энд дарна уу.

Disclaimer: Энэхүү товхимолд дурдагдсан компанийн хувьцаа, бонд, үнэт цаас, криптовалют болон бусад төрлийн санхүүгийн хэрэгслүүдэд хөрөнгө оруулах нь таны бие даасан шийдвэр бөгөөд манай товхимлын зүгээс зөвхөн мэдээллийн чанартай илгээсэн болно.
    

All rights reserved. Copyright© Lemon Press Digital // 16F, Ayud Tower, Sukhbaatar Square, Ulaanbaatar 14200, Mongolia






This email was sent to <<Email Address>>
why did I get this?    unsubscribe from this list    update subscription preferences
Lemon Press · 13F, Central Tower, Ulaanbaatar, Mongolia · Ulaanbaatar, 01 14200 · Mongolia