А.Оюун-Эрдэнэ / Lemon Press
Цахим, ухаалаг хэрэглээний бүүм болон ковид зэрэг шалтгааны улмаас дэлхий даяар хагас дамжуулагч чипний хомстолд ороод байгаа билээ. Харин одоо бизнесийн 169 салбарт нөлөөлж буй уг асуудлын талаарх шинэ мэдээг багцлан хүргэе.
Томчуудын хямрал
Дэлхийн хамгийн том компаниуд хүртэл алдартай брэндээ хүссэн хэмжээгээрээ үйлдвэрлэж чадахаа болино гэж хэн мэдэх билээ. Өнгөрсөн 7 хоногт Apple (AAPL) iPhone 13 загвараа, өчигдөр Volkswagen (VOWG) Skoda машиныхаа үйлдвэрлэх тоог бууруулах талаар мэдэгдлээ. Тодруулбал, энэ жилийн Skoda үйлдвэрлэлийн төлөвлөгөө 250 мянган машинаар дутах юм байна. Эхнээсээ үйлдвэрүүдээ хаасан, ихэнх нь ажилтнаа цомхотгосон. Америкаас Ford (F), General Motors (GM) ба Stellantis (STLA), Японоос Honda (HMC), Nissan (NSANF) болон Toyota (TM)-д хамгийн том цохилтууд иржээ. Эрэлтийн асуудлыг орхиод, нийлүүлэлтийн шийдэл юу болж байгааг авч үзье.
Гол тоглогч : TSMC
Дэлхийн чипний зах зээл $550 тэрбумаар хэмжигдэж байгаа ба 2020 онд нийт үйлдвэрлэлийн 79%-ийг Ази тив, 12%-ийг Америк хангасан. Тодруулбал, Тайваний TSMC (TSMC34) компани зах зээлийн 24%-ийг дангаар эзлэхдээ ахисан түвшний чипний 92%-ийг хангасан байна. Үүгээр зогсохгүй, TSMC $12 тэрбумаар Аризонад шинэ үйлдвэр барьж, 2024 оноос 5 нанометрийн чип үйлдвэрлэнэ гэнэ. Тэдэнд цаашид ч монополоо үргэлжлүүлэх боломж бий. Яагаад гэвэл, чипний үйлдвэрлэлийн суурь болох цутгамлын зах зээлийн 50%-ийг TMSC эзэлдэг. Тэгээд бас ирэх 3 жилд $100 тэрбумын хөрөнгө оруулалтаар үйл ажиллагаагаа тэлнэ.
Гол соригч : Samsung
Авлигын хэрэгт холбогдож, хуулийн хариуцлага хүлээсэн Samsung (SSNLF)-ийн өв залгамжлагч Ли Жэ Ён компанийнхаа удирдлагыг бүрэн авч байгаа бөгөөд түүний эхний зорилт нь чипний зах зээлийг ноёлох гэнэ. Samsung Electronics 3 нанометрийн хүлээн авагч дээрээ суурилан ахисан түвшний чипээ 2022 он гэхэд үйлдвэрлэж эхлэх юм байна. Тэдэнд бүр 2 нанометрийн хэмжээтэй чип үйлдвэрлэх төлөвлөгөө байгаа ба 2025 он гэхэд зах зээлд их хэмжээгээр нэвтрүүлнэ. Үүнд зориулж $37 тэрбумаар хөрөнгө оруулах төлөвтэй байгааг дуулаад Nvidia (NVDA), Tesla (TSLA) зэрэг томчууд оочирлоод эхэлсэн сурагтай.
Эцэст нь...
Omdia судалгааны фирмийн таамаглаж буйгаар 2020-2025 онд чипний зах зээл жил бүр 2 оронтой тоонд өснө. Энэ том зах зээлд монополоо тогтоогоод байгаа компанийн эсрэг сүүлийн жилүүдэд “толгой”-гүй явсан үлэмж биетэн босож ирлээ. Энэ тулаан яаж дуусахыг хэлж мэдэхгүй ч, чипний хомстлыг шийдэх нь лавтай биз ээ.
POP-UP START UP
Стартап компанийн CEO-гийн цалин хэд байдаг вэ?
|