Copy
Powered by

Шинэ долоо хоногийн мэнд ээ. Өнгөрсөн шөнө 12 хүртэл нүдээ ширгэтэл сонгуулийн дүн харж суулаа. Нөхөн сонгуулийн ирц 40% ч хүрсэнгүй дээ. Бидний татвараас ₮2.2 тэрбум "хөб" гээд л хийсэв. Одоогийн байдлаар МАН-ын хоёр нэр дэвшигч үнэмлэхүй ялсан хэдий ч нэмэлт санал хураалт явуулах төлөвтэй байна. 
 


MARKETS 
1D 1W
Nasdaq 14,579.54 -0.51% +0.09%
MSE 20 39,953.43 -1.18% -5.58%
Bitcoin 54,885.46 -0.15% +14.57%
Gold 1,756.30 -0.09% -0.28%
Oil 79.35 +1.34% +4.57%
Nikkei 225 28,048.94 +1.34% -2.51%

TAX: Олон улсын корпорациудаас 15%-ийн глобал татвар авах асуудлаар 136 орон хэлэлцэж, нарийвчилсан төлөвлөгөөг боловсрууллаа

USA: Америкт 9-р сард нийт 194,000 ажлын байр шинээр нэмэгдсэн нь шинжээчдийн таамаглаж байсан 500,000 ажлын байрнаас 2.6 дахин бага дүн байлаа. 

NSO: Манай улсын хэмжээнд энэ оны 9-р сарын байдлаар 54,515 эх амаржиж, өмнөх оны мөн үеэс 4.5% буурчээ.
 


BUSINESS
Саудын Арабын хунтайжийн "Шинэ цайз"

Libyan Express

Өнгөрсөн 7 хоногоос хойш Английн Premier лигийн Newcastle United клубын эргэн тойронд дуулиантай мэдээнүүд хөвөрсөөр байна. Саудын Арабын Хөрөнгө оруулалтын сан (PIF) клубыг £300 саяар худалдаж авснаар Newcastle United дэлхийн хамгийн баян баг болжээ. Тэгвэл Premier лигийн бусад 19 багийн удирдлага үүнийг эсэргүүцэж, яаралтай хурал хийхийг шаардлаа

Яагаад болохгүй гэж?

Энэ наймаа 4 жил хойшилсон. Учир нь, Саудын Арабын Хөрөнгө оруулалтын сангийн удирдагч, угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман хүний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчсөн гэх ярианд холбогдсон юм. Харин Premier лигийн удирдлагаас Newcastle-ыг хунтайж шууд удирдахгүй гэсэн баталгаа авсан нь худалдан авалтыг зөвшөөрөхөд түлхэц болжээ. Бусад багийн удирдлагууд наймааны үнийн дүн огцом өсөх, цалингийн хэмжээ эрс нэмэгдэж магадгүй зэрэгт санаа зовж байгаа гэнэ.

Шидтэй сан

Саудын Арабын Хөрөнгө оруулалтын сан нь $430 тэрбумын хөрөнгөтэй дэлхийн хамгийн чинээлэг баялгийн сангуудын нэг юм. 1971 онд эзэн хааны тушаалаар байгуулагдаж, одоогоор Саудын Арабын стратегийн 13 салбарын 35 компанид хөрөнгө оруулжээ. Энэхүү сангийн орлогын эх үүсвэр мэдээж газрын тосны компаниудын орлого билээ. Газрын тосоо үүрд зарж чадахгүйгээс хойш урт хугацаанд тасралтгүй орлоготой байхын тулд шинэ арга замууд эрэлхийлж байгаа нэг жишээ нь дээр дурдсан худалдан авалт болно. 

Newcastle-ийг нэгтгэсэн шалтгаан

Сангийн хувьд энэ гадагшаа чиглэсэн анхны алхам биш бөгөөд өмнө нь Disney (DIS), Uber (UBER), Facebook (FB), Starbucks (SBUX) ба Pfizer (PFE) зэрэг томчуудад хөрөнгө оруулж байв. Newcastle-ыг худалдаж авсан нь ч бас бодлоготой алхам. Тэд Английн хойд хэсэгт сэргээгдэх эрчим хүчний чиглэлд их хэмжээний хөрөнгө оруулалт хийх хандлагатай байгаа ба клубын худалдан авалтад хамтарсан Рубены ахан дүүс энэ чиглэлд ажилладаг юм.

Эцэст нь… 

Эдийн засаг нь нэг салбараас хамааралтай байдлаас гарахын тулд улс орнууд ингэж ажилладаг ажээ. Манайхан суралцах хэрэгтэй шүү дээ. Уул уурхайгаас орж ирэх орлого хайчсан нь мэдэгдэхгүй байх биш баялгийн сандаа оруулаад түүгээрээ эргээд бодит хөрөнгө оруулалт хийх нь өөрөө дэлхийд тогтсон жишиг билээ. 
 


LAW
Хөрөнгө оруулалтын тухай хууль...

GIPHY

Цаана чинь $50, $100 мянга гээд хүмүүс нэг юм яриад яваад байгааг анзаарсан уу? Хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинэчлэх саналыг хэдэн гишүүд дэвшүүлснээр уг яриа дэгдээд буй юм. 

Хуулийн тухайд…

Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор хөрөнгө оруулалтын тухай хуулийг анх 1993 онд баталснаас хойш 112 орны 12,118 ААН бүртгэгдэж, $14 тэрбумын хөрөнгө оруулалт орж иржээ. Үүний 74% нь уул уурхайн салбарт хөрөнгө оруулсан гэнэ шүү. Гэвч сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт огцом буурч буй учир уг хуульд ийнхүү өөрчлөлт оруулах санал гаргажээ. 

Амны уншлага болоод буй заалтын тухайд...

Уг хуулийн 3.1.5-аар зүйлд заасан гадаадын хөрөнгө оруулалттай ААН нь Монголд үйл ажиллагаа явуулахад $100 мянгаас доошгүй хөрөнгө оруулалт хийсэн байх гэдэг заалтыг авч хаях талаар яригдаж буй. Харин үүний оронд зөвхөн тухайн хөрөнгө оруулагч болон түүний гэр бүл Монголд байнга оршин суух виз хүсэх тохиолдолд $50 мянгаас доошгүй хөрөнгө оруулалт хийсэн байх ёстой хэмээн өөрчлөх хүсэлтэй байгаа аж. 

Гэхдээ 50,100-даа ч биш юм шүү...

Гадаадын хөрөнгө оруулалтын доод хэмжээг $700 мянгаар тогтоодог Индонез улс дэлхийн хөрөнгө оруулахад хамгийн тохиромжтой 10 улсын жагсаалтад  тогтмол багтдаг. Тэгвэл бид нар $1 сая ч гэж тогтоож болно эсвэл бүр босгогүй болсон ч болно. Гадаадын хөрөнгө оруулахад татахыг хүсэж л байгаа юм бол энэ босго сонин биш харин улс төрийн тогтвортой байдал, эдийн засгийн тогтвортой өсөлт, ханшийн тогтвортой байдал, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах найдвартай эрх зүйн орчин, бизнес эрхлэх таатай орчин зэргээ л сайжруулчихвал аандаа болно доо уг нь. 

 
CRYPTO HALL
Арилжааны самбарыг ойлгох нь
А.Оюун-эрдэнэ / Lemon Press

Өнөөдөр энгийн боловч чухал сэдвийн талаар хэлэлцье. Хувьцаа, крипто аль нь ч байсан дүрэм яг ижил тул та дараах зүйлсийг нэг ойлгоод авахад хаана ч алзахгүй ээ.

Арилжааны самбарыг ногооны зах, зах дээр зарагдаж буй койныг төмс гэж бодъё. Тэгвэл зарах захиалга өгсөн буюу худалдагч нар нэг л төрлийн төмсийг танд санал болгох боловч бүгд янз бүрийн үнийн дүнтэй шошго наажээ. Гэхдээ худалдан авагч талд ч үнийг тохиролцох хүч байгаа ба хоёр талын санал нийлэх үед наймаа хийгддэг дүрэмтэй. 

Зах зээлийн захиалга 

  • Ханш: Энэ төрлөөр захиалга өгнө гэдэг нь дурын худалдагчийн хэлсэн үнээр шууд худалдан авахыг хэлнэ. Давуу тал нь та төмсөө одоо шууд өөрийн болгох боломжтой боловч хямд үнээр худалдан авах боломжоо үгүй хийж, ирээдүйн ашиг орлогоо хааж болох сул талтай. 
  • Тоо ширхэг: Мөн захиалгын тоо ширхгийг сайтар ажиглах хэрэгтэй. Танд 20 ширхэг төмс хэрэгтэй байвч худалдагч талууд 1, 5, 30 ш гэх мэт янз бүрийн хэмжээгээр санал болгодог. Энэ үед зах зээлийн захиалга нь таны захиалга гүйцэх хүртэл байгаа бүх төмсийг санал болгосон үнээр нь хамаад захиалгыг тань биелүүлдэг. Үүнээс болоод таны худалдан авсан төмсний дундаж өртөг хэд өндөр болох аюултай юм.  

Нөхцөлт захилга 

  • Ханш: Харин энэ төмсийг би ийм л үнээр авах нь ашигтай гэсэн ханшаа тодорхойлсон бол нөхцөлт захилгыг ашигладаг. Жишээ нь, төмсний зах зээлийн ханш ₮130 байлаа гэж үзэхэд та ₮100-өөр л авна гэсэн дүгнэлт хийсэн бол ₮100-өөрөө захиалгаа шивээд биелэх хүртэл нь хүлээнэ. Жаахан тэвчээр л шаардлагатай болохоос энэ захиалгын төрөл хамгийн найдвартай эд дээ. Шөнө таныг унтаж байх үед хэн нэгэнд яаралтай мөнгө хэрэг болоод хямдхаан төмсөө зарах ч юм билүү тэ? 
  • Тоо ширхэг: Таны хүссэн хэмжээгээр захиалгыг биелүүлэхийн тулд тэр хэмжээний зарах захиалга шивэгдсэн байх хэрэгтэй. Тиймээс зарим захиалга тань биелээд зарим нь таны санал болгосон үнийг хүлээн зөвшөөрөх хүн гарч ирэх хүртэл хүлээгдэнэ. Гэлээ гээд яаран сандран үнэтэй худалдаж авснаас жаахан хүлээхэд гэмгүй билээ. 

*Энэхүү контентыг DAX виртуал хөрөнгийн биржтэй хамтран бүтээв. 
 


QUICK REVIEWS

Space X

1️⃣ SpaceX $100 тэрбумын үнэлгээнд хүрлээ. Ингэснээр хувийн эзэмшлийн хамгийн өндөр үнэлгээтэй 2 дахь компани, дэлхийд цөөхөн байдаг “центрикорн” болж байна. Элон Маск нэгж хувьцаагаа $560-аар үнэлж, нийт $755 саяын хувьцааг худалдан авах боломжийг дотоодын хөрөнгө оруулагчдадаа санал болгосон юм.

2️⃣ Биржийн бус зах зээлд шинэ бүтээгдэхүүн гарлаа.  Барилгын салбарт 22 жилийн туршлагатай Хан ХХК “Хан Бонд” хэмээх хаалттай бондыг гаргахаар болсон байна. Уг бонд нь жилийн 16% хүүтэй, ₮3 тэрбумын хэмжээтэй аж. 

3️⃣ Lenovo (0992) Шанхайн хөрөнгийн бирж дээр IPO хийх хүсэлтээ буцаав. Улмаар Шанхайн хөрөнгийн бирж хувьцаа гаргах өргөдлийг хянах үйл явцыг зогсоосноо албан ёсоор мэдэгджээ. Нью-Йорк, Хонконгийн хөрөнгийн бирж дээр давхар бүртгэлтэй Lenovo Group нь тус IPO-р $1.8 тэрбумыг татан төвлөрүүлэх байв. 

4️⃣ Duolingo (DUOL)-г үүсгэн байгуулагч TikTok-оос хүүхдүүдийг холдуулах апп гаргана. Duolingo-гийн гүйцэтгэх захирал Луис фон Анн хэлийг математикийн аргаар сурахад зориулсан апп хөгжүүлж буй бөгөөд ирэх онд хэрэглээнд нэвтрүүлэхээр болжээ. Тэрээр гол өрсөлдөгчдөө бусад боловсролын байгууллагууд бус харин хүүхдүүдийг хамгийн ихээр донтуулж буй TikTok, Instagram хэмээв.

 
DONATION
Lil Thug E-ийн хандивын аянд хэрхэн оролцох вэ?

Авьяаслаг реппер, продюсер “Lil Thug E” цусны цочмог хорт хавдар хэмээх аюулт өвчнөөр оношлогдон хүнд нөхцөлд байгаа билээ. Түүний эмчилгээнд зориулсан хандивын хүрээнд нийт ₮650 саяыг цуглуулах зорилготой ба Ням гарагийн байдлаар 44%-тай байна. Тиймээс та бүхэн түүнд туслахыг хүсвэл доорх холбоосуудаар орж хандив өгөх боломжтой шүү. 

Хандив өгөх холбоос: ZochilCare, Shoppy, GoFundMe, Facebook
 


JUST FACTs

Сонгомол болон чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн ДАШТ Норвегийн нийслэл Осло хотноо 2021 оны 10 сарын 2-10-нд зохион байгуулагдлаа. Манай улсын тамирчид 6 хүрэл медаль хүртсэнээр Монгол Улсын баг чансаагаараа 6-д эрэмбэлэгдэв

Чөлөөт бөхийн ДАШТ-д хамгийн өндөр амжилт үзүүлсэн Монгол тамирчид:

  • С.Батцэцэг: Алт-2, Мөнгө-1
  • З.Ойдов: Алт-2, Хүрэл-1
  • Х.Баянмөнх:  Алт-1, Мөнгө-2
  • С.Чирэнчимэд: Алт-1, Мөнгө-1
  • Б.Болд: Мөнгө-2
  • О.Пүрэвбаатар: Мөнгө-2
  • О.Насанбурмаа: Мөнгө-1, Хүрэл-3
  • О.Бурмаа: Мөнгө-1, Хүрэл-2
     


WE'RE READING

  • Элсэн чихрийн хэрэглээ: 240 өдрийн турш элсэн чихэр огт хэрэглэхгүй бол бидний биед юу тохиолдох бол? Сайнаар нөлөөлөх үү, муугаар нөлөөлөх үү? (Medium)
  • Facebook-ийн цоорхой: Хуулийн цоорхой гэдэг шиг Facebook-ийн үйлчилгээнд томоохон цоорхой гарсныг хэрэглэгчид шүүмжлэх болжээ. Ойрд Facebook-д юу л тохиолдоод байна даа. (The Verge)
  • Тогтвортой хөгжил: НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хорооноос залууст Тогтвортой хөгжлийн зорилгуудын талаар мэдлэг мэдээлэл олгоход чиглэсэн хөтөлбөрөө зарлажээ. (UNYAP)
  • Buy Now, Pay Later: Худалдан авагчдын хувьд хамгийн боломжийн төлбөрийн нөхцөл юм. Тэгвэл уг үйлчилгээг авсан хэрэглэгчид хохирсон тохиолдолд өөрсдийгөө хэрхэн хамгаалах боломжтой вэ? (CNBC
     

WEEK AHEAD
  • Даваа: Columbia Banking System Inc (COLB), Comtech (CMTL), Pyxis Tankers Inc (PXSAP) ногдол ашиг тараана.
  • Мягмар: Монгол банкнаас IX сарын Төв банкны тойм тараана.
  • Лхагва: ҮСХ-оос Улсын нэгдсэн төсвийн тайлан танилцуулна.
  • Пүрэв: Дэлхийн Стандартын өдөр. Стандарт ямар чухлыг бүгдээрээ нэг эргэцүүлэх нь ээ.
  • Баасан: ҮСХ-оос 2021 оны IX сарын Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын тайланг танилцуулна.
 

SHARE

Lemon Press товхимлын ээлжит дугаарыг та хүлээн авлаа. Хэрэгтэй мэдээлэл багтсан байсан бол цааш нь түгээгээрэй. Түгээхгүй байсан ч болно доо, хүний л амьдрал. Мөн та Lemon Press товхимолтой хамтарч ажиллах, сурталчилгаа байршуулах хүсэлтэй бол энд дарна уу.

Facebook
Twitter
Instagram
YouTube
Товхимлыг бичсэн: Э.Золбаяр (@ZolooTeddy), А.Баттүвшин (@battuvshin),Т.Жаргалсайхан (@jargalsaikhan), А.Оюун-Эрдэнэ (@oyunerdene Ө.Түмэндарь (@tumendari)

Таны хаяг Lemon Press цахим товхимолд бүртгэгдсэн тул энэ имэйл очиж байна. Та бүртгэлээ устгахыг хүсвэл энд дарна уу.

Disclaimer: Энэхүү товхимолд дурдагдсан компанийн хувьцаа, бонд, үнэт цаас, криптовалют болон бусад төрлийн санхүүгийн хэрэгслүүдэд хөрөнгө оруулах нь таны бие даасан шийдвэр бөгөөд манай товхимлын зүгээс зөвхөн мэдээллийн чанартай илгээсэн болно.
    

All rights reserved. Copyright© Lemon Press Digital // 16F, Ayud Tower, Sukhbaatar Square, Ulaanbaatar 14200, Mongolia






This email was sent to <<Email Address>>
why did I get this?    unsubscribe from this list    update subscription preferences
Lemon Press · 13F, Central Tower, Ulaanbaatar, Mongolia · Ulaanbaatar, 01 14200 · Mongolia