Copy

Өглөөний мэнд ээ. Тэртээ 1492 оны энэ өдөр Кристофер Колумб Америк тивд анх хөл тавьж байжээ. Тэрээр нийтдээ 4 удаа Америк тиврүү аялсан байдаг юм. Тэгвэл та цар тахлын дараа хаашаа аялах төлөвлөгөөтэй байна?  
 


MARKETS 
1D 1W
DJIA 34,496.06 -0.72% +1.45%
S&P 500 4,361.19 -0.69% +1.41%
MSE 20 40,216.75 +0.66% -5.08%
Gold 1,754.20 -0.12% -0.68%
Oil 80.48 +1.42% +3.68%
BTC 57,403.29 +4.59% +16.88%

ELEC: 18, 28-р тойргийн нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалтыг 10 сарын 16-нд явуулахаар боллоо

COVID: Өчигдрийн байдлаар COVID-19-ийн халдварын 1,348 тохиолдол нэмж батлагдсанаас нийслэлд 835, орон нутагт 513 бүртгэгджээ.

BTC: Биткойны ханш сүүлийн 5 сард анх удаа 57K-г давлаа. 
 


POLITICS
15%-ийн глобал татвар

Revise Sociology

Сонгуулиар бид хэд хаа сайгүй л "Sponsored" постууд сошиалаар хардаг. Тэр хэмжээгээрээ л бид Facebook, Google, YouTube-д маш их орлого оруулж буй. Тухайлбал, Э.Батшугар нэр дэвшигч л гэхэд сүүлийн 1 жил гаруй хугацаанд $20,000-ийг сошиал бүүстэд зарцуулжээ. За энэ ч яахав, гол нь Монголоос дажгүй мөнгө олж буй эдгээр аварга тек компаниуд Монголд татвар төлдөггүй шүү дээ. Тэгвэл дэлхийн 136 улсын засгийн газрын төлөөлөл нэгдэж, үндэстэн дамнасан корпорациудад 15%-ын глобал татвар оноохоор тогтоод байна

Тэдний гаргалгаа...

  • Жилийн орлого нь $866 саяас дээш корпорациудад хамгийн доод тал нь 15%-ын татвар ногдуулна. Ингэснээр нийтдээ жилд $150 тэрбумын татварын орлогыг нэмж бүрдүүлэх боломжтой болох аж. 
  • Хамгийн өндөр ашигтай корпорациудын хэрэглэгчдийн байршиж буй газарт үлдэгдэл ашгийн 25%-д татвар ногдуулах эрхийг тухайн улсын шүүх засаглалын хүрээнд шилжүүлнэ. 

Бизнесийн томчууд юу гэв?

Энэхүү хэлцэл 2023 оноос эхлэн хэрэгжих ба Google (GOOG), Facebook (FB), Microsoft (MSFT) зэрэг 100 гаруй компанид хамаарах юм. Сонирхолтой нь, Google болон Amazon (AMZN) нар хэлцлийг дэмжиж байгаа юм байна. Учир нь, орлогоосоо нэгдсэн байдлаар татвар өгснөөр улсуудын оноосон татвар цуцлагдах нь тэдэнд ашигтай тусч байгаа бололтой

Цаашид...

Монгол ямартай ч эдгээр улсууд дотор орсон байна шүү. 2023 оноос Facebook, Google манай татварын орлогын тодорхой хэмжээг бүрдүүлэг болж магадгүй нь дээ. Цаашлаад, тун удахгүй АНУ-ын конгресст хэлцэлтэй холбогдох хуулийн төслийг, Их 20-ийн гишүүн улсуудын сангийн сайд нар гэрээг хэлэлцэж эцэслэх ажээ.
 


BUSINESS
Troubled Huawei

А.Оюун-эрдэнэ / Lemon Press

Америк, Хятадын худалдааны гол хохирогчдын нэг нь яалт ч үгүй Huawei болж байна даа. Жилийн өмнө л дэлхийн тэргүүлэх гар утас борлуулагч байсан тэд өдгөө топ-5-д ч багтахаа байж борлуулалт нь 85%-аар унажээ. 

Юу болоод байна… 

  • 5G технологи: Америк төдийгүй Европын орнууд ч мөн адил компанийн 5G технологийг ашиглахгүй, нэвтрүүлэхгүй байхаар болжээ. Ингэснээр Huawei-н шинэ дарга Эрик Сю 5G болон гар утасны бизнесээс учирсан хохирлыг нөхөж чадахгүй гэдгээ 9-р сард Бээжинд болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэв.
  • Орлого: Жилийн эхний хагасын байдлаар тэдний орлого 29.4%-аар буурч, $49.5 тэрбумд хүрсэн байна. Гэсэн ч тэд улирал бүр ашигтай ажилласаар байгаа аж. 
  • Гол бизнес: Тэдний гол бизнес нь гар утас биш бөгөөд цахилгаан холбооны хэрэгсэл борлуулах юм. Жишээ нь, танай гэрт байгаа Unitel-ийн цагаан төхөөрөмж. Тэгвэл энэ үйл ажиллагааны орлого нь ч гэсэн эхний хагас жилд 14% буурч $21 тэрбумд хүрчээ. 
  • Итгэлээ алдахгүй шүү: Гэхдээ тэд бууж өгөлгүй, бүтээгдэхүүнээ сайжруулж, шинэ инновацийн төлөвлөгөөгөө танилцууллаа. Тухайлбал, дижитал технологийн экосистем болох Kunpeng, Ascend, HMS, HarmonyOS, Huawei Cloud болон MDC (Mobile Data Center)-ийг сайжруулахад онцгой анхаарал хандуулахаа зарлав. Мөн онгоцны буудал, уурхайд 5G болон хиймэл оюун ухаанд суурилсан дэд бүтцийг шинэчлэхээр зорьж байгаа аж.

Эцэст нь…

Жо Байдений ЗГ Huawei-д тавьсан арга хэмжээг цуцлах хүсэлгүй байгаа бөгөөд Америкийн худалдааны нарийн бичгийн дарга “хэрэв шаардлагатай бол компанийн эсрэг нэмэлт арга хэмжээ авна” хэмээн мэдэгджээ. Харин Huawei-ийн удирдлагуудын зүгээс цаашид цахилгаан машин, програм хангамж, нүүрс олборлох технологи руу чиглэнэ хэмээн зарлаад буй нь Америктай, Америкгүй байр сууриа бат болгоно л гэсэн санаа байх даа .

 
INDUSTRY
Аялал жуулчлалын салбарын уналт
А.Оюун-эрдэнэ / Lemon Press

Цар тахлын үед дэлхий даяар тэг зогсолт хийсэн салбар бол мэдээж аялал жуулчлалын салбар гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа байх. Тэгвэл 2021 оны 9 сарын байдлаар манай хилээр хэчнээн зорчигч нэвтэрсэн талаар судалгаа ҮСХ-ноос гаргажээ.

Онцлох тоонууд…

  • 249 мянга: Манай улсын хилээр нийт 249.4 мянган зорчигч нэвтэрсэн.
  • 27 мянга: Эдгээрээс 27 мянга буюу 11% нь гадаад улсын иргэд юм. Цар тахлын өмнө 500 мянга хүрдэг байжээ. 
  • 33.1%: Орж ирсэн гадаад зорчигчдын тоо өмнөх оны мөн үеэс 33.1%-аар буурчээ.
  • 82.7%: Гадаад зорчигчдын 82.7% нь аялахаар ирсэн бол 17.3% нь ажиллаж, суралцахаар ирсэн байна.
  • 57.5%: Аялал жуулчлалын зорилгоор ирсэн зорчигчдын тоо өмнөх оны мөн үеэс 57.5%-аар буурсан үзүүлэлттэй гарсан аж.

Аялал жуулчлал нь манай ДНБ-ийн 9%-ийг бүрдүүлдэг чухал салбар. 2019 онд л гэхэд 570.2 мянган жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын салбарын орлого ДНБ-ний 6.48%-ийг бүрдүүлсэн бол 2020 онд орлого нь 65.8%-аар буурсан юм. 

 


QUICK REVIEWS

XacBank

1️⃣ ХасБанк харилцагчдаа IPO-д бэлтгэж эхэллээ. Иргэд “Хувьцааны хуримтлал” хөтөлбөрт хамрагдаж хадгаламж нээлгэвэл хөрвүүлэх хүсэлт өгөөд л хувьцаа гарах үед өөрийн болгох ажээ. ХасБанкны IPO-ийн андеррайтераар “Райнос Инвестмент” ХХК болон “Өлзий энд Ко” ХХК нар ажиллахаар болжээ.

2️⃣ Tesla (TSLA) төв байраа Техас руу нүүлгэнэ. Калифорнийн цар тахлын хорионоос болж үйлдвэрлэл нь тасалдсанд бухимдсан Илон Маскаас өмнө Hewlett-Packard Enterprise (HPE), Charles Schwab (SCHW) зэрэг компаниуд Цахиурт хөндийгөөс төв байраа шилжүүлжээ. Техас мужийн хувьд татвар, түрээс болон бусад зардлын хувьд харьцангуй бага юм.

3️⃣ Google (GOOG) Африк тивд $1 тэрбумыг хөрөнгө оруулна. Тэдний хөтөлбөрт интернетийн хурдыг нэмэхийн тулд далай доогуурх кабелийн сүлжээнд холбох, жижиг бизнесүүдэд хүү багатай зээл олгох, стартапуудад хөрөнгө оруулах болон мэргэжилтнүүдийг чадавхжуулах олон арга хэмжээ багтжээ. Урьдчилсан тооцооны дагуу интернетийн багтаамж 20 дахин нэмэгдэж, үнэ 21%-аар буурна гэнэ.

4️⃣ Moderna (MRNA) $500 саяар Африкт шинэ үйлдвэр байгуулна. Компани генийн санд суурилсан технологиороо Зика вирус, ханиад болон бусад халдварт өвчинд зориулсан вакцин үйлдвэрлэх чадамжаа 500 сая тунгаар нэмэгдүүлэх аж.

 

WE'RE READING

  • Хөрөнгө оруулалт: Богино хугацаанд хөрөнгө оруулалт хийх нь яагаад хэцүү бөгөөд эрсдэл өндөр байдаг вэ? Хэрэв та эрсдэлд дургүй бол уншаад үзэхэд гэмгүй л юм. (The Motley Fool)
  • Нууц дүрэм: Ихэнх ухаантай удирдагчид дараах 9 нууц дүрмийг ашигладаг болохоор маргаанд байнга ялдаг гэнэ шүү. (Inc)
  • Буцаан олголт авах уу? MonPay-ийн сонгогдсон хэрэглэгчид QR ашиглан худалдан авалт хийх бүрдээ үнийн дүнгийн 10%-ийг дансандаа эргүүлээд авна гээд боддоо. (MonPay)
  • Хүчирхэг стартап: Харьцангуй хоцрогдолтой гэж үздэг байсан Японы стартапын экосистем өөрийн гэсэн хэлбэртэй болж эхэлжээ. Чухам үүнд нөлөөлсөн гол зүйл юу байв? (McKinsey)
     

LITTLE CHALLENGE

Hey! Уламжлалт бяцхан сорилоо давахад бэлэн үү? Тэгэхээр дараах өгүүлбэрүүдийн аль нэг нь худал мэдээлэл агуулсан байгаа. Аль нь худал вэ гэдгийг олоорой. Мэдээж линк дээр нь дараад хариултаа шалгана гэдгээ мартаагүй биз дээ?

  1. Google Африк тивд $1 тэрбумын хөрөнгө оруулна.
  2. Гадаад зорчигчдын тоо өмнөх оны мөн үеэс 33.1%-аар өсжээ.
  3. Манай улсын аялал жуулчлалын салбарын орлого 2020 онд 65.8%-аар буурсан.
     

SHARE

Lemon Press товхимлын ээлжит дугаарыг та хүлээн авлаа. Хэрэгтэй мэдээлэл багтсан байсан бол цааш нь түгээгээрэй. Түгээхгүй байсан ч болно доо, хүний л амьдрал. Мөн та Lemon Press товхимолтой хамтарч ажиллах, сурталчилгаа байршуулах хүсэлтэй бол энд дарна уу.

Facebook
Twitter
Instagram
YouTube
Товхимлыг бичсэн: Э.Золбаяр (@ZolooTeddy), Т.Жаргалсайхан (@jargalsaikhan), А.Оюун-Эрдэнэ (@oyunerdene Ө.Түмэндарь (@tumendari)

Таны хаяг Lemon Press цахим товхимолд бүртгэгдсэн тул энэ имэйл очиж байна. Та бүртгэлээ устгахыг хүсвэл энд дарна уу.

Disclaimer: Энэхүү товхимолд дурдагдсан компанийн хувьцаа, бонд, үнэт цаас, криптовалют болон бусад төрлийн санхүүгийн хэрэгслүүдэд хөрөнгө оруулах нь таны бие даасан шийдвэр бөгөөд манай товхимлын зүгээс зөвхөн мэдээллийн чанартай илгээсэн болно.
    

All rights reserved. Copyright© Lemon Press Digital // 16F, Ayud Tower, Sukhbaatar Square, Ulaanbaatar 14200, Mongolia






This email was sent to <<Email Address>>
why did I get this?    unsubscribe from this list    update subscription preferences
Lemon Press · 13F, Central Tower, Ulaanbaatar, Mongolia · Ulaanbaatar, 01 14200 · Mongolia