Copy

Өглөөний мэнд ээ. Өнөөдөр та манай 160 дахь дугаарыг уншиж байна. 2 сарын дараа гэхэд 200 дахь дугаараа та бүхэндээ хүргэх нь ээ. 🍋
 


MARKETS 
1D 1W
DJIA 35,258.6 -0.10% +2.21%
MSE 20 39,444.95 -1.49% -1.75%
Bitcoin 62,315.81 0.47% +11.20%
Gold 1,780.30 +0.88% +1.25%
Oil 83.57 +1.37% +3.90%
Hang Seng 25,787.21 +1.49% +3.30%

MSE: Өнгөрсөн сард 50,000 руу дөхөж хөрөнгийн зах сонирхогчдыг шуугиулаад авсан ТОП-20 индекс сар гаруйн хугацаанд тасралтгүй унасаар 39,444.95 хүрлээ.

COV: Өчигдөр Эрээн хотод коронавирусын 5 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр хотын хөдөлгөөнийг бүрэн хаажээ.

HK: Хонконгийн Hang Seng индекс 1 сар гарангын өмнөх ханш руу дөхөж, 25,787.21 дээр хаагдав.
 


CYBERSECURITY
CHINA vs NATO, USA, GOOGLE

CNN

Дэлхийд тэргүүлэхийн төлөөх өрсөлдөөн эдийн засаг, мэдээллийн технологийн талбарт өрнөж буй тул кибер аюулгүй байдлын асуудал улам л хурцаар тавигдах боллоо.

НАТО: Гол нь Хятад

НАТО ирэх зун дээд хэмжээний уулзалтаа хийж, стратегийн үзэл баримтлалаа шинэчилнэ. Тус байгууллагын ирэх 10 жилийн зорилго, бодлого Хятадад чиглэх нь тодорхой болж байна. Хятад эрчимтэй хөгжихийн хэрээр кибер халдлага нэмэгдэж байгаа ба гишүүн улсуудынх нь дэд бүтцэд их хэмжээгээр хөрөнгө оруулж байгааг НАТО анхаарна гэнэ.

Google vs China

Google (GOOGL) квант тооцоолол, хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулалт хийж байгаа билээ. Хятадын Коммунист намд тэдэнтэй адилхан, нэмээд өөрсдийн гэсэн хагас дамжуулагч чипний сектортой болох төлөвлөгөө боловсруулаад буй. Гол өрсөлдөгч болох Хятадын компаниуд ингээд төрөөсөө дэмжлэгтэй, амжилттай ажиллаад байдаг нь Google-д нэгийг бодогдуулсан бололтой.

Байр сууриа өөрчлөхүй

Тус компанийн гүйцэтгэх захирал Сундар Пичай саяхан нэгэн хурлын үеэр Америкийн ЗГ-т 2 санал хүргүүлэв

  • Эрчимжиж буй кибер халдлагыг зохицуулахад идэвхтэй ажиллаж, олон улсын хуулийн зохицуулалт бүтээх
  • Технологийн компаниудаа инновацын бодлого, хөрөнгө оруулалтаар дэмжих

Америкийн компаниуд либертар хандлага баримталж, төрөөс огт хамааралгүй байхыг эрмэлзсээр өдийг хүрсэн. Цаашид ч хөрөнгө санхүүгийн асуудлаа өөрсдөө шийдэж чадах учраас бодлогын дэмжлэг л хүссэн нь энэ ажээ. Тухайлбал, чадварлаг мэргэжилтэн ажиллуулах ажлын визэнд туслахад л хангалттай гэнэ. Гэхдээ түүхийг сөхвөөс Цахиурын хөндий төрийн хөрөнгө оруулалтаас үндэстэй билээ. 

Харин Америкийн төр?

Америкийн төрөөс хоёр өөр хариу барьж гайхширууллаа. Ерөнхийлөгч Байден дотоодын чипний хөрөнгө оруулалтыг дэмжих хууль боловсруулах үүрэг Конгресст оноосон бол зарим сенаторууд монополын эсрэг хуулийн төсөл өргөн барьжээ. Тодруулбал, бараа, үйлчилгээ авахын тулд заавал тухайн платформын сайтаар дамжихыг шаарддаг, өөрсдийн сүлжээгээр хайлтын илэрцэд нөлөөлдөг явдлыг зогсооно гэнэ. Amazon л гэхэд Энэтхэгт энэ зарчмаар брэндүүдээ бүүстэлсэн.

Эцэст нь,

Дэлхийн цахим аюулгүй байдлын индексээр 194 улсаас 120-т жагсдаг манай улсад жилд дунджаар 4 тэрбум халдлага бүртгэгддэг гэдэг. Энэ бүхнийг зохицуулах, бизнесүүдээ хамгаалах хуулиуд маань хаа явна аа.
 


FINANCIAL MARKET
Хүн төрөлхтний 3 сорилт

А.Оюун-Эрдэнэ / Lemon Press

Олон улсын валютын сан (ОУВС)-аас санхүүгийн тогтвортой байдалд ямар эрсдэлүүд тулж ирээд байгаа талаар нэлээн урт тайлан гаргажээ. Энэхүү тайланд Ковид-19, криптовалют, ногоон эдийн засаг хэмээх 3 сэдвийг онцоллоо.

Ковид 19: Хөрөнгө оруулагч нарын өөдрөг хандлага буурч байна

Цар тахлын нөлөөгөөр улс орнууд мөнгөний зөөлөн бодлого баримтлан их хэмжээний мөнгийг зах зээлд нийлүүлсний үр дүнд компаниуд, засгийн газрууд болон эрүүл мэндийн салбарын өр төлбөрийн хэмжээ ихэсжээ. Түүнчлэн барааны үнэ эрчимтэй өссөөр нэлээн хэдэн оронд инфляцын түвшин зорилтот түвшнийг давсан юм. Үүнээс үүдэн эдийн засгийн маш эмзэг цаг үе ирээд буй учир улс орон бүр өөрсдийн нөхцөл байдалд тулгуурлаж мөнгөний бодлогоо боловсруулахыг санал болголоо.

Крипто: “Cryptoization” хаяанд иржээ

Криптовалютын үнэлгээ сүүлийн 2 жилд 10 дахин нэмэгджээ. ОУВС-ийн явуулсан судалгаагаар 2020 онд хамгийн их хэмжээгээр криптовалютыг эзэмшиж юм уу ашиглаж байгаа 5 улс хурдтай хөгжиж буй эдийн засаг (emerging market)-ууд байжээ. Ийнхүү “cryptoization” ихээр дэлгэрч буй нь ЗГ-уудын эдийн засгийн бодлогын үр дүнд инфляц өссөн болон одоогийн байгаа төлбөрийн механизм үр ашиггүй байгаа улмаас үүссэн гэж үзсэн юм. Гэхдээ ийнхүү криптовалютыг өргөн хэрэглэх нь Төв банкууд мөнгөний бодлогоо үр дүнтэй хэрэгжүүлэхэд хүндрэл авчрах, криптовалютыг ашиглан татвараас зайлсхийх зэрэг олон эрсдэлийг дагуулж буйг санууллаа.

Уур амьсгал: Хийх зүйл их байна

Тогтвортой хөрөнгө оруулалтын сангийн хэмжээ 4 жилийн өмнөх дүнгээс 2 дахин өсөж, $3.6 их наядад хүрчээ. Гэтэл бид 2050 он гэхэд нүүрстөрөгчийн ялгарлыг байхгүй болгох зорилгодоо хүрэхийн тулд нэмэлтээр $20 их наядын хөрөнгө оруулалт хэрэгтэй ажээ. Энэхүү хөрөнгө оруулалтын 70% нь хувийн хэвшлээс орж ирэх учиртай гэнэ. ОУВС энэ их хэмжээний мөнгийг босгохын тулд хөрөнгө оруулагчдад ногоон эдийн засгийн боломжийг сайтар ойлгуулах бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэйг зөвлөлөө.

Эцэст нь...

Дээрх санхүүгийн эрсдэлүүд байгаа учир хурдтай хөгжиж буй орнуудыг макро эдийн засгийн бодлогоо дахин сайн нягталж харахыг зөвлөөд байна. Бодлого боловсруулагч нарийн толгойны өвчин дуусахгүй нь ээ.
 


FINSPIRATION BY SIMPLE
Олон дансны аргаар төсвөө удирдах нь
Simple.mn

Ганцхан банкны данстай, тэрэндээ цалингаа ч аваад зарлагаа ч гаргаад сууж байгаа юм биш бээз? 

💡 Нэг дансанд бүх мөнгөө төвлөрүүлэх нь санхүүгийн болоод хувь хүний орлого, зарлагад эмх замбараагүй байдал үүсгэдэг. Иймд санхүүгийн зөвлөхүүд аль болох төрөлжсөн банкны данстай байхыг санал болгодог байна. Тухайлбал:
  • Үндсэн данс: Энд мэдээж таны цалин, урамшуулал орж ирнэ. Уг данснаас салаалж дараах данснуудад хуваарилалт хийгдэх юм.
  • Анхдагч зарлагын данс: Хүнс, байрны түрээс, өдрийн хоолны төлбөр гэх мэт.
  • Нөөц зарлагын данс: Жилд 1-2 төлөгддөг сургалтын төлбөр, автомашин, орон сууцны даатгалын төлбөр зэрэг үүнд хамаарна.
  • Эрсдэлийн данс: Гэнэтийн учирч болзошгүй эрсдэлийн үед хэрэглэх мөнгө. Хэрхэн энэ хуримтлалыг үүсгэх талаар манай өмнөх дугаараас уншаарай.
  • Энгийн хадгаламжийн данс: Харин энэ дансанд зун аялах хуримтлалаас эхлээд таны зорьж буй санхүүгийн зорилтууд дээр тулгуурласан хуримтлал энд орох юм шүү.
Дээрх үндсэн 4-5 дансыг ихэвчлэн хүмүүс ашигладаг ба үүнээс ч олон төрөл нэмэх боломжтой. Хамгийн гол нь аль нэг данснаас зарлага гарсан л бол үндсэн данснаас нөхөн хийх нь чухал юм.

Энэхүү нийтлэлийг Simple апп-тай хамтран хүргэв.
 
QUICK REVIEWS

Check Point

1️⃣ Монгол Улс кибер халдлагын хамгийн том бай болж байна. Check point (CHKP) компанийн гаргасан мэдээллийн дагуу “Cryptominer”, “Botnet” ба “Banking Trojans” төрлийн халдлагууд хамгийн их бүртгэгджээ. Та бидний ашиглаж буй утас, компьютер нууцаар крипто олборлож байж магадгүй гэнэ шүү. 😳

2️⃣ Amazon (AMZN) 150 мянган хүн ажилд авна. Баярын өдрүүдийн ачаалалд зориулж компани түр ажлын байр зарладаг уламжлалтай. Amazon шөнийн цагаар, амралтын өдрүүдээр ажиллах хүмүүсийн цалинг $21-р тооцох бол гэрээ хийхэд $3,000 хүртэлх мөнгөн дүнгээр урамшуулал олгож байгаа гэнэ. Тус компани улсынхаа хоёрдoх том ажил олгогч ба 1.3 сая орчим ажилтантай аж.

3️⃣ ЛэндМН (LEND) эхний III улирлын тайлангаа танилцууллаа. Гол тоон үзүүлэлтүүдийг дурдвал, нийт орлого ₮10 тэрбум, цэвэр ашиг ₮2.8 тэрбум, зээлийн багцын хэмжээ ₮4.5 тэрбум хүрчээ. Өмнөх оны мөн үеийн үзүүлэлттэй харьцуулбал буурсан ч, цар тахлын үеийн эдийн засгийн нөхцөлд авсан арга хэмжээнүүдийн ачаар тус ББСБ-ын санхүүгийн байдал тогтвортой байна.  

4️⃣ 
GameStop (GME)-ийн арилжааны талаарх тайлан гарлаа. Өнгөрсөн 1 сард хөрөнгийн зах зээлийг үймүүлсэн “Мийм хувьцаа”-ны талаар Америкийн Үнэт цаас, арилжааны хороо (SEC)-оос гаргасан 44 хуудас тайланд хувьцааны захиалга хэрхэн явагдсан, төлбөр яаж явагдсан зэрэг холбогдох мэдээллүүд багтжээ. Уг тохиолдлоос үүдэн хувьцааны үнийг хиймлээр, зохион байгуулалттай өсгөхөөс сэргийлэх зарчмууд нэвтэрсэн шүү дээ.  
 
SPONSORED BY ARD KIDS
Хүүхдийн санхүүгийн аппликейшн Ard Kids

Ard Credit

Томчууд бидэнд л санхүүгийн асуудал тулгардаг гэвэл үгүй, хүүхдүүдэд ч бас санхүүгийн хэрэгцээ шаардлага, асуудлууд тулгардаг байна. Тэгвэл Ард Кредит ХК-ийн зүгээс таны хүүхдийн санхүүгийн хэрэгцээг хангасан хамгийн анхны цогц апп болох Ard Kids-ийг бүтээжээ.

Ard Kids апп нь эцэг эхийн тогтоож өгсөн хэмжээ, хяналт дор хүүхэд өөрөө бие даан гүйлгээ хийх, хадгаламж, хувьцаа, АрдКойноо шалгах, Хүүхдийн онлайн дэлгүүр, нэгж авах, шаардлагатай тохиолдолд аав ээжээсээ мөнгө хүсэх зэрэг олон боломжуудыг нэг дор багтаасан юм. Хамгийн гол нь хүүхэд багаасаа санхүүгийн талаар ойлголттой болж, санхүүгийн мэдлэгтэй бие хүн болон төлөвшихөд туслах болно.

Хэрэв та хүүхдийнхээ утсанд суулгаж өгмөөр байвал энд даран тус аппыг татаарай.
 



WE'RE READING
  • Apple: Unleashed үйл ажиллагааны үеэр зарлагдсан шинэ загваруудын онцлог, үнийн мэдээллийг эндээс. 👉 (The Verge)
  • Зах зээл: Онлайн худалдааны өсөлт бүүм хийж буй энэ цаг үед Levi’s брэнд яагаад 100 дэлгүүр шинээр барихаар шийдсэн бэ? (CNBC
  • Бизнес эрхлэгчдэд: Компанийнхаа инновацын чадамжийг тэлэхийг хүсвэл 5 асуултыг сайтар эргэцүүл. (Harvard Business Review
  • Подкаст: Том компаниудын хөшигний арын үйл явдлууд, бүтэлгүйтлийг дэлгэх Bad Bets подкастыг сонсоод үзээрэй. (The Wall Street Journal)
     

SHARE

Lemon Press товхимлын ээлжит дугаарыг та хүлээн авлаа. Хэрэгтэй мэдээлэл багтсан байсан бол цааш нь түгээгээрэй. Түгээхгүй байсан ч болно доо, хүний л амьдрал. Мөн та Lemon Press товхимолтой хамтарч ажиллах, сурталчилгаа байршуулах хүсэлтэй бол энд дарна уу.

Facebook
Twitter
Instagram
YouTube
Товхимлыг бичсэн: А.Баттүвшин (@battuvshin),Т.Жаргалсайхан (@jargalsaikhan), Ө.Түмэндарь (@tumendari), А.Оюун-Эрдэнэ (@oyunerdene


Таны хаяг Lemon Press цахим товхимолд бүртгэгдсэн тул энэ имэйл очиж байна. Та бүртгэлээ устгахыг хүсвэл энд дарна уу.

Disclaimer: Энэхүү товхимолд дурдагдсан компанийн хувьцаа, бонд, үнэт цаас, криптовалют болон бусад төрлийн санхүүгийн хэрэгслүүдэд хөрөнгө оруулах нь таны бие даасан шийдвэр бөгөөд манай товхимлын зүгээс зөвхөн мэдээллийн чанартай илгээсэн болно.
    

All rights reserved. Copyright© Lemon Press Digital // 16F, Ayud Tower, Sukhbaatar Square, Ulaanbaatar 14200, Mongolia






This email was sent to <<Email Address>>
why did I get this?    unsubscribe from this list    update subscription preferences
Lemon Press · 13F, Central Tower, Ulaanbaatar, Mongolia · Ulaanbaatar, 01 14200 · Mongolia