Copy
POWERED BY

🕒 5 минут 13 секунд

Шинэ сарын мэнд ээ. Та бүхнийг завгүй сүнсний баярдаж байхад бид хэд нь 2 ч тусгай дугаар явуулсан шүү. CU IPO болон Melearn платформын талаар уншаад үзээрэй. Одоо ажил, амьдралаа бодоцгооё доо. 
                                                                  
MARKETS 
1D 1W
DJIA 35,819.56 +0.25% +0.40%
MSE 20 39,840.65 +0.39% -1.08%
Bitcoin 60,652.45 -1.92% -0.37%
Gold 1,783.00 -1.03% -0.56%
Oil 83.57 +2.39% -0.23%
Nikkei 225 28,892.69 +0.25% +0.30%

CHN: Хятадад эрчим хүчний хомстол болон түүхий эдийн үнийн өсөлтийн нөлөөгөөр 10-р сарын үйлдвэрлэлийн салбарын PMI индекс шинжээчдийн таамаглалаас 0.5 нэгжээр бага буюу 49.2 хүрчээ.

MSE: CU IPO-ийн анхдагч зах зээлийн захиалгын эхний өдрийн гүйцэтгэл 59%-тай байлаа. Авах уу, яах уу хэмээн эргэлзэж байвал имэйлээ доош нь гүйлгээд манай тусгай дугаарыг нэг уншаад үзнэ биз ээ.

GOV: Гадаргын усыг цэвэршүүлэн унд, ахуйн хэрэглээнд ашиглах боломжтой болгох ус цэвэршүүлэх станц Говь-Алтай аймагт ашиглалтад орлоо.
 


STOCKS TO WATCH

EXPE: Зочид буудлаас эхлээд онгоцны билет, аяллын тасалбар захиалах зэргээр аялал жуулчлалын цогц үйлчилгээ үзүүлдэг Expedia компанийн ханш сэргэж эхэллээ. Тэд III улирлаар урам хугалахааргүй үр дүнг үзүүлэх хүлээлттэй байна.

AMZN: Amazon автомашин үйлдвэрлэгч Rivian-ий 20%-ийг эзэмшдэг нь ил боллоо. Rivian-ий хувьд цахилгаан автомашины салбарт хүч үзэхээр зэхэж байгаа ба удахгүй IPO-оо хийхээ зарлаад байгаа билээ.

TUM: Түмэн шувуут энэ оны III улирлаар ₮27.4 тэрбумын борлуулалттай ажилласан нь өмнөх оны бүтэн жилийн борлуулалтаас давлаа. Тэд 2020 онд ₮25.4 тэрбумын борлуулалттай ажиллажээ.
 


REVENUE
Оюу толгойн III улирлын тайлантай танилцах уу?

Montsame

Сүүлийн үед хөрөнгө оруулалтын гэрээг нь өөрчлөх, эс өөрчлөх талаар хэлэлцэж буй Оюу толгой компанийн III улирлын санхүү, үйл ажиллагааны тайланг тоймлоё.

Мөнгө, санхүүгийн хувьд

Ил уурхайгаас нийт 22.5 сая тонн хүдрийн материал олборлож, 9.3 саяыг боловсруулсан тус компани 2021 оны эхний 3 улиралд татвар болон бусад төлбөрт $590 саяыг төвлөрүүлжээ. Ийнхүү манай улсын төсөвт 2010 оноос хойш Оюу толгой компани нийт $3.5 тэрбумыг нэмэрлээд байна. Түүнчлэн дэлхийн зах зээлд эрэлт нь нэмэгдэж буй зэсийн баяжмалыг 191.9 мянган тонныг үйлдвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 23.4 мянган тонноор өссөн дүн ажээ. Цар тахлын хязгаарлалтаас болж бага зэрэг удааширсан ч дажгүй шүү.

Байгаль бас нийгэмд

Оюу толгойн байгаль орчин болон нийгмийн хариуцлагын чиглэлд хийж буй ажлуудаас онцолбол:

  • Ус: Хүдэр боловсруулахад ашигласан усныхаа 87.1%-ийг дахин боловсруулжээ. Ингэхдээ дэлхийн бусад уурхайнуудаас 3 дахин бага ус ашигласан. 
  • $5.2 сая: Орон нутгийн тогтвортой хөгжлийн төслүүдэд олгосон санхүүжилт.
  • 96%: Оюу толгойн ажиллах хүчний дийлэнхийг Монгол улсын иргэд бүрдүүлж байна.
  • 570 сая: Ковид-19 цар тахлын үед яаралтай тусламж үзүүлэхэд чухал шаардлагатай 1,000 хүчилтөрөгч өтгөрүүлэгч төхөөрөмж худалдаж авахад зориулж ₮570 саяыг Эрүүл мэндийн яаманд хандивласан.

Эцэст нь… 

Үндсэн уурхайтай холбогдох туннелээ амжилттай дуусгасан Оюу толгой компани ил уурхайнхаа 10 жилийн ойг тэмдэглэж байгаа аж. Цар тахлын үеийн хүндрэлээ даваад удалгүй ЗГ-тай хэл амаа ололцох бас нэгэн сорилт тулгарчээ. Яаж шийдэгдэх бол?
 


TECH
Magic of the Metaverse

Hypebeast

Facebook компани ребрэндинг хийж, нэлээдгүй шуугиан тариад авлаа. Ирээдүй бол Metaverse юм аа, бид үүнийг түүчээлэх болно л гэнэ шүү. 

Metaverse гэж юу юм бол?

Meta гэдэг нь “Metaverse” үгийн товчлол ба Марк Цукерберг үүнийг "Интернетийн дараагийн хуудас" гэж тодорхойлоод байна. Энэхүү Metaverse нь бодит ертөнц виртуал ертөнц давхар орших боломжийг нээж буй юм. Жишээ нь, AR/VR төхөөрөмжөө зүүгээд найзуудтайгаа уулзах, дуртай хамтлагийнхаа тоглолтыг үзэхээс эхлээд хайртай тамирчныхаа өмсгөлийг худалдан авч виртуал ертөнц дэх өөрийн аватараараа гангарах боломжтой. Тэр ч байтугай гэрээсээ ажил дээрээ байгаа мэт ажиллаж болно. Харин энэ орон зайд бүх бараа бүтээгдэхүүн NFT байдлаар байх бөгөөд худалдан авахдаа криптогоор төлбөрөө хийх аж.

Дэлхийг виртуал болгоход шаардагдах төсөв

Цукерберг саяхан III улирлын тайлангаа танилцуулахдаа Metaverse-ийг хөгжүүлэхийн тулд нийт $10 тэрбумыг зарцуулахаар төлөвлөж буйгаа дурдсан юм. Мөн ойрын жилүүдэд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх ба тус шинэчлэлийн хүрээнд IV улирлаас эхлэн виртуал технологийнхоо орлогын мэдээллийг тусад нь гаргахаар болж байна.

Том зургаар...

За ингээд л нөгөө зөгнөлт кинонууд дээр гараад байдаг виртуал ертөнц ийнхүү хаяанд тулаад ирлээ шүү. Тэдний энэ шинэчлэлийг зүгээр нэг маркетингийн заль мэх эсвэл өрсөлдөөний башир арга гэж дүгнэх нь эндүү хэрэг. Хэрэв амжилттай хэрэгжвэл Metaverse-ийн ноёрхлын шинэ эрин үеийг эхлүүлээд зогсохгүй  нийгмийн сүлжээ, харилцаа холбоо, худалдааны үйлчилгээний 2.0 шинэчлэл ирнэ гэж дүгнэх байна даа.

Үзээрэй: Цукербергийн төсөөлж буй мета ертөнц.

 


CRYPTO HALL
Койноо stake хийх нь...

Крипто ертөнцөд stake хийх гэдэг нэг ойлголт бий. Эфериум болон Кардано зэрэг PoS дээр суурилсан блокчэйн дээр хэн их койн stake хийсэн нь гүйлгээг баталгаажуулах эрхийг авдаг аж. Үүнээс л анх stake хийх гэдэг ойлголт үүссэн түүхтэй юмсанжээ.

  • Stake хийнэ гэдэг нь: Өөрийн эзэмшиж буй койноо тодорхой хугацаанд түгжих буюу барьцаанд тавьж, хариуд нь койноор урамшуулал авахыг хэлдэг.

Гэхдээ хувь хүн stake хийж, гүйлгээг баталгаажуулагч болоод урамшуулал аваад байгаа хэрэг биш аж. Харин та ямар нэгэн pool-д ороод таны орсон тухайн pool гүйлгээг баталгаажуулагчаар сонгогдсоноор тухайн койныг урамшууллаар авч байгаа хэрэг юм. 

Эфериумын жишээг харвал…

Одоогоор нийт 118 сая ширхэг Эфериум (ETH) байгаа бол үүний 8 сая нь stake хийгдсэн байна. Түүнчлэн stake хийж жилийн 5.4%-ийн өгөөж авах боломжтой юм. Харин нийт stake хийгдсэн байгаа койны тоо өсвөл уг өгөөж буураад явах ажээ. Койноо stake хийхэд хамгийн гол анхаарах зүйл бол тухайн койны ханш унах уу гэдэг асуулт билээ. Stake нь ихэвчлэн тодорхой хугацааны турш койноо түгжихийг шаарддаг тул тухайн хугацаанд ханш ихээр унавал та тэр хэмжээний алдагдал хүлээх юм шүү.

Харин манайд…

Манайд Coinhub (CHB) койн 50 мянгаас дээш CHB эзэмшигч нарт койноо тодорхой хугацаагаар stake хийгээд урамшуулалд нь койн авах эрхийг олгож эхлэх гэнэ. Тун удахгүй илүү нарийн мэдээллүүд гарахаар нэг сонирхоод үзнэ биз ээ.

 
QUICK TWEETS

News 9 Live

 Америк Европын ган төмөрт тавьсан импортын татвараа хөнгөлнө. Их-20 уулзалтын эхний өдөр энэхүү хэлцэл хийгдсэн бөгөөд нийлүүлэлтийн ачааллыг бууруулах, үнийн өсөлтийг хазаарлах ач холбогдолтой юм. 

 ExxonMobil (XOM) жилийн өмнөхөөс ашгаа 10 нугаллаа. Америкийн газрын тосны хамгийн том тоглогч Exxon-ий нийт орлого энэ онд 60%-иар нэмэгдэж, $73.8 тэрбумд хүрсэн байна.

 Цахилгаан автобус нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлэхээр болов. Үүн дээр нэмээд Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк холбогдох дэд бүтэц, гэр хороололд хүлэмжийн хий ялгаруулдаггүй 700 гаруй байшин барих санхүүжилтийн талаар Улаанбаатар хотын удирдлагуудтай ярилцаж байгаа аж.

 Volvo (VOLVb)-гийн хувьцаа Шведэд 22% өсөв. Энэ жилийн Европын зах зээлд хийгдсэн хамгийн том IPO болж буй уг төсөл компанийн үнэлгээг $18 тэрбумд хүргэжээ.
 
SPONSORED BY STOREPAY
SPC хоёрдогч зах зээл дээр

Storepay.mn

Монголын криптовалютад хөрөнгө оруулагчдын хамгийн их анхаарлыг татаж буй койнуудын нэг болох StorePay Coin (SPC)-ийн анхдагч зах зээлийн захиалга 10 сарын 27-ны өдөр trade.mn бирж дээр гарсан даруйдаа дүүрсэн билээ. Тэгвэл хоёрдогч зах зээлийн арилжаа нь 11 сарын 3-ны өдөр trade.mn болон coinhub бирж дээр эхлэх юм байна шүү.

SPC койны ашиглалтаас дурдвал:

  •  Storepay апп дээрх төлөлтдөө SPC койноо ашиглах боломжтой.
  •  SPC койноо Storepay wallet-нд байршуулахад койны үнэлгээтэй тэнцэх (₮10 сая хүртэл) дүнд Storepay ашиглан худалдан авалт хийх эрх үүснэ.

Сануулахад,

Эхний удаад хоцорсон бол энэ удаагийн арилжаанд бэлтгэлээ сайн базаагаарай. Мөнгөө шилжүүлэхээс эхлээд интернет, тоног төхөөрөмжүүдээ урьдчилж бэлтгэсэн хүмүүс л хожиж байгаа шүү дээ.
 



JUST FACTs

Microsoft (MSFT)-ийн орлого сүүлийн 10 жилд:

  • 2021: $168 тэрбум
  • 2020: $143 тэрбум
  • 2019: $125.8 тэрбум
  • 2018: $110.3 тэрбум
  • 2017: $96.5 тэрбум
  • 2016: $91.1 тэрбум
  • 2015: $93.5 тэрбум
  • 2014: $86.8 тэрбум
  • 2013: $77.8 тэрбум
  • 2012: $73.7 тэрбум

WE'RE READING

  • Storepay апп: Хүссэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ ямар ч шимтгэлгүй хувааж төлөөд ав. (Storepay)
  • Сонирхолтой зөвлөмж: Сансрын нисгэгчид сансарт жингүйдлийн орчинд хэрхэн унтаж, анхаарлаа төвлөрүүлдэг вэ? (Tech Times)
  • Halloween: Энэ жил хамгийн их трэнд болж, хамгийн олон хүн хувирсан дүрүүдийн судалгааг гаргажээ. (Visual Capitalist)
  • Хөрөнгө оруулалт: Ойрын 5 жилд 3 дахин өндөр ашиг хүртэх боломжтой 6 blue-chip хувьцаа. (Seeking Alpha)
 
WEEK AHEAD
  • Monday: Дэлхийн веган хоолны өдөр. Веган биш байсан ч ходоодоо ганц өдөр амраахад юу нь буруудхав, тийм биз?
  • Tuesday: Pfizer (PFE), T-Mobile US (TMUS), Thomson Reuters (TRI) III улирлын санхүүгийн тайлангаа танилцуулна.
  • Wednesday: НАСА SpaceX-ийн гурав дахь хүнтэй нислэгийг зохион байгуулна.
  • Thursday: Toyota Motor (TYT), Konami Corp (KNM), Airbnb (ABNB) III улирлын санхүүгийн тайлангаа танилцуулна.
  • Friday: Их эзэн Чингис хааны мэндэлсний 859 жилийн ойн өдрийг Монгол Бахархлын өдөр болгон тэмдэглэнэ.
 
ТҮМЭНД ТҮГЭЭ

🍋 Lemon Press товхимлын ээлжит дугаарыг та хүлээн авлаа. Хэрэгтэй мэдээлэл багтсан байсан бол цааш нь түгээгээрэй. Түгээхгүй байсан ч болно доо, хүний л амьдрал. Мөн та Lemon Press товхимолтой хамтарч ажиллах, сурталчилгаа байршуулах хүсэлтэй бол энд дарна уу.

Facebook
Twitter
Instagram
YouTube
Written by: А.Баттүвшин (@battuvshin), Ө.Түмэндарь (@tumendari), Т.Жаргалсайхан (@jargalsaikhan), А.Марал (@Maral)
Graphic by: А.Оюун-Эрдэнэ (@oyunerdene


Таны хаяг Lemon Press цахим товхимолд бүртгэгдсэн тул энэ имэйл очиж байна. Та бүртгэлээ устгахыг хүсвэл энд дарна уу.

Disclaimer: Энэхүү товхимолд дурдагдсан компанийн хувьцаа, бонд, үнэт цаас, криптовалют болон бусад төрлийн санхүүгийн хэрэгслүүдэд хөрөнгө оруулах нь таны бие даасан шийдвэр бөгөөд манай товхимлын зүгээс зөвхөн мэдээллийн чанартай илгээсэн болно.
    

All rights reserved. Copyright© Lemon Press Digital // 16F, Ayud Tower, Sukhbaatar Square, Ulaanbaatar 14200, Mongolia






This email was sent to <<Email Address>>
why did I get this?    unsubscribe from this list    update subscription preferences
Lemon Press · 13F, Central Tower, Ulaanbaatar, Mongolia · Ulaanbaatar, 01 14200 · Mongolia