Copy
Powered by 

🕒 7 минут 24 секунд

Өглөөний мэнд ээ. Бид өчигдөр нэг зүйлийн талаар ярилцаж үзлээ. Уншигчдад маань ямар нэг ойлгомжгүй, тайлбар хэрэгтэй санагддаг зүйл товхимолд байдаг болов уу? Хэрэв тийм бол биднийг тааглаад стори. 🙋‍♂️
                                                      
MARKETS 
1D 1W
S&P 500 4,605.38 +0.19% +1.33%
MSE 20 38,715.23 -2.82% -3.54%
Bitcoin 62,090.61 +1.26% +2.86%
Coal 232.65 -0.15% +0.61%
Oil 83.80 +0.28% +0.05%
Hang Seng 25,154.32 -0.88% -3.74%

FRC: Өнгөрөгч 7 хоногт “Ашид ассет менежмент” ХХК болон “Тен инвестмент” ХХК СЗХ-ноос хөрөнгө оруулалтын менежментийн компанийн зөвшөөрлөө авснаар энэ чиглэлийн нийт 27 компанитай боллоо.

CPI: Нийслэлийн хэмжээнд 9-р сарын байдлаар хаусны 1 м/кв нь ₮3.12 сая хүрч, өмнөх оны мөн үеэс 25%-иар өсжээ.

CHN: Материалын үнэ өндөр, дотоодын эрэлт муу байгаатай холбогдуулан Хятадын үйлдвэрүүдийн үйл ажиллагаа 2 дахь сардаа буурав.
 


STOCKS TO WATCH

WU: Санхүүгийн салбарын компаниуд өсөлттэй байгаа бол Western Union-ийн хувьцааны ханш сүүлийн 2 долоо хоногт бараг 10% унаж, тэдний хувьд хатуухан жил үргэлжилж байна.

PFE: Эм үйлдвэрлэлийн салбарын акулуудын нэг Pfizer-ийн III улирлын тайлан Америкийн цагаар Мягмар гарагт гарах нь ээ. Шинжээчид тэднийг $22.58 тэрбумын борлуулалттай ажиллана хэмээн таамаглаж байна.

GOV: Говь ХК-ийн 2020 оны санхүүгийн тайлан аудитаар баталгаажаагүй хувилбарыг олон нийтэд хүргэсэн байсныг баталгаажуулсан хувилбараар шинэчилсэн байна. Үр дүнд 2020 оны нийт хөрөнгө ₮84 саяар, цэвэр ашиг ₮26.6 саяар, мөнгөн хөрөнгийн үлдэгдэл ₮104 саяар нэмэгдэж буй ажээ.
 


BANKING
ТОП-4 банк III улиралд

Банкны салбарын нийт хөрөнгийн хэмжээ III улирлын байдлаар ₮39.6 их наяд байгаа бол үүний 84.6%-ийг ТОП-4 хувийн хэвшлийн банк бүрдүүлж байна. Тэдний энэ оны III улирлын гүйцэтгэлийг харцгаая.

 Хаан банк: Тэд иргэдийн банкны үйлчилгээний аварга гэдгээ дахин батлав. Учир нь харилцах дансны үлдэгдэл ₮2.4 их наядад хүрч өмнөх оны мөн үеэс 71% өсжээ. Түүнчлэн зээл олголтын хувьд ч бусдыгаа тэргүүлж мөн үеийн нийт зээлийн хэмжээ ₮6.3 их наядад хүрч жилийн хугацаанд 30% өссөн байна. Ашигт ажиллагааг харвал хүүгийн орлого өмнөх оны мөн үеэс 3.5% өссөн бол хүүгийн зардал 19.6% буурсны үр дүнд ₮229.5 тэрбумын цэвэр ашигтай ажиллажээ.

 ХХБ: Тус банкны хувьд ашигт ажиллагааны өсөлтийн хувь бусдаасаа хамгийн өндөр байлаа. Учир нь 2020 онд тэд ₮21 тэрбумын ашигтай ажиллаж өмнөх жилүүдээс харьцангуй бага үр дүн үзүүлж байжээ. Харин энэ онд ашигт ажиллагаа сэргэж III улирлаар ₮77.5 тэрбумын цэвэр ашиг олж, өнгөрсөн оны мөн үеэс 144.5%-ийн өсжээ. Тэдний хувьд хүүгийн зардлыг 31%, хүүгийн бус зардлаа 44% бууруулж чадсаны үр дүнд цар тахлын өмнөх үеийн ашгийг олоход нөлөөлсөн юм.

 Голомт банк: Голомтын хувьд III улиралд нийт зээлийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 13% өсөж, ₮3.4 их наядад хүрчээ. Энэхүү өсөлт нь салбартаа Хаан банкны араас 2-т орох өсөлт байлаа. Түүнчлэн бусад банктай харьцуулахад тэдний хүүгийн орлого хамгийн өндөр буюу 5.4% өсөж, ₮426 тэрбумд хүрсэн аж. Ийнхүү энэ оны эхний 3 улирлаар цэвэр ашиг ₮17.7 тэрбум гарснаар энэ жилийн ашигт ажиллагаа өмнөх жилээс 2 дахин өндөр байх хүлээлтийг үүсгээд байна.

 Хас банк: Тэдний хувьд нөгөө 3 банкийг бодвол нийт хөрөнгийн хэмжээ хамгийн бага буюу ₮3.4 их наяд юм. Үүний 46% буюу ₮1.6 их наядыг зээлийн багцаар бүрдүүлээд байгаа ажээ. Түүнчлэн хүүгийн зардал өмнөх оны мөн үеэс 35% буурснаар тэдний хувьд ашигт ажиллагаа өмнө жилүүдээс харьцангуй сайн гарлаа. Энэ оны эхний 3 улирлаар ₮41 тэрбумын цэвэр ашигтай ажилласан нь өмнөх оны мөн үеэс 111% өссөн дүн юм.

Эцэст нь… 

Хадгаламжийн хүүгийн бууралт нөлөөлөөд эхэлжээ. Дээрх 4 банкны хувьд III улиралд өмнөх оны мөн үетэй харьцуулахад хүүгийн зардал банк тус бүрд 20-35% буурсан байна шүү.
 


FINANCE
Storepay-ийн санхүүгийн үзүүлэлтүүдтэй танилцахуй

Удахгүй 11 сарын 3-нд хоёр дагч зах зээлийн арилжаа нь эхлэх гэж буй StorePay Coin (SPC)-ийг гаргагч Storepay-ийн онцлох санхүүгийн үзүүлэлтүүдтэй танилцъя. Магадгүй авах гээд эргэлзээд сууж байгаа уншигч байвал багахан ч болтугай санхүүгийн үзүүлэлтүүдийг нь хараад авахад хэрэгтэй л юм даа.

Онцлох үзүүлэлтүүд:

  • ₮21 тэрбум: Байгуулагдсанаасаа хойш 1 жил 6 сарын хугацаанд хийсэн борлуулалтын хэмжээ.
  • ₮1.5 тэрбум: Хүү, шимтгэлтэй лизинг зээлийн үйлчилгээнд төлөх байсан төгрөгийг хэрэглэгчдийн хэтэвчнээс бодитоор хэмнэсэн дүн.
  • 220%: Storepay бүртгэлтэй хэрэглэгчдийн тоо 2020 оны эхний хагас жилээс 2021 эхний хагас жил хүртэл ийм хэмжээгээр өсжээ.
  • 214%: Storepay-ийг ашиглан төлбөрөө төлөх боломжтой салбар дэлгүүр үйлчилгээний байгууллагууд мөн л 2020 оны эхний хагасаас 2021 эхний хагас жил хүртэл ийм хэмжээгээр өссөн байна.

Хөрөнгийн зарцуулалт...

Эцэст нь тэд энэхүү IEO-ээс татан төвлөрүүлсэн нийт хөрөнгөөрөө Storepay үйлчилгээний Монгол дахь зах зээлийн өргөжин тэлэлтэд зарцуулах бөгөөд нийт татан төвлөрүүлэх хөрөнгийн 90% буюу ₮16.2 тэрбумыг эргэлтийн хөрөнгө хэлбэрээр, 6% буюу ₮1.08 тэрбумыг платформын шинэчлэл хөгжүүлэлтэд, 4% буюу ₮0.7 тэрбумыг маркетинг идэвхжүүлэлтэд зориулахаар төлөвлөөд буй юм.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай.
 
STOCK MARKET
Үүнээс цааш уналт үгүй - Alibaba

Нэгхэн жилийн өмнө зах зээлийн үнэлгээ нь $850 тэрбумд хүрч, Хятадын хамгийн үнэ цэнтэй компаниар нэрлэгдэж байсан Alibaba (BABA) Хятадын ЗГ-ын дээр “нар манддаггүйн” гэрч болж, өдгөө $458 тэрбумын үнэлгээнд буугаад буй. Гэхдээ нааштай чимээ дуулдаад эхэлжээ.

Сэргэн мандалтын чимээ

Эргэн дурсахад, Жак Ма ЗГ-аа шүүмжилснээс болж Ant Group финтек компанидаа $34 тэрбумыг босгох IPO-г цуцлуулж, өөрөө ч ор сураггүй алга болж билээ. Харин өнгөрсөн 10-р сард түүний Европт уулзалтаар явж байгааг хэвлэлийнхэн нотолсон. Үүнээс өмнөхөн хөрөнгө оруулагч Чарли Мангер Alibaba-гийнхаа хувьцааг нэмэгдүүлсэн юм. Энэ бүхэн Alibaba ЗГ-тайгаа учраа ололцсоны дохио гэж шинжээчид үзэж байгаа аж.

Хүлээлт

Монополын хуулийн дагуу $2.8 тэрбумаар торгуулсан Alibaba өөр худалдааны платформуудад боломж олгодог болсон. Тиймээс үндсэн бизнесээрээ алдагдлаа нөхөж, байр сууриа эргүүлэн авахад хангалтгүй болов уу. Гэхдээ Alibaba-д ахисан түвшний чип бий. Чипний ач холбогдол цахим эдийн засгийн дэд бүтцийн хэмжээнд хүрсэн учир дэлхий даяар хамгийн эрэлттэй бараа болоод буй.

Бидний анхааралд

Гол асуудлаа зохицуулсан, дараагийн төвлөрөх чиглэл нь тодорхой Alibaba-гийн хувьцаанд хөрөнгө оруулагчид дуртай байна гэнэ. Монгол дахь онлайн худалдаа эрхлэгчид, экспортлогчид маань анхааралдаа авна байгаа?

 
TECHNOLOGY
Эрүүл мэндийн салбарт шинэчлэл авчирсан технологи

Devita

Монголын эрүүл мэндийн салбарт шинэчлэл хийж буй DEVITA эрүүл мэндийн платформын талаар бид өмнө нь дурдаж байсан бол энэ удаа тэдний ONE-ID-ийг онцолъё.

  • ONE-ID гэж юу вэ? DEVITA-ийн хэрэглэггч өөрийн эрүүл мэндийн өгөгдлөө төвлөрсөн бус, блокчэйн технологид суурилсан мэдээллийн санд байршуулах боломжтой. Өөрөөр хэлбэл эрүүл мэндийн мэдээлэл, хувийн нууцыг NFT-ээр дамжуулан удирдах, хэтэвчиндээ мөнх хадгалах хэрэгсэл гэж ойлгож болно. Ингэснээр эрүүл мэндийн салбарын ажлыг хөнгөвчлөх өндөр ач холбогдолтой аж.
Сонирхуулахад...

DEVITA платформ дээр эрүүл мэндийн өгөгдлийг дамжуулах, аюулгүй гүйлгээний хэрэгсэл болгон ашиглах зориулалттай токен бий. Нэр нь LIFE. Уг токенийн урьдчилсан хуваарилалт (presale)-ын захиалгыг “Гэрэгэ Системс”-ийн Gerege апп-аар дамжуулан авахаар болсон ба урьдчилсан хуваарилалтын мэдээллийг Мягмар гарагт захиалагчдадаа өгчээ.
 


QUICK TWEETS

Gh Extractives

 Газрын тосны үнийн өсөлтөөс Saudi Aramco (2222) $30 тэрбумын ашиг олжээ. Тус компани энэ оны III улиралд 1 баррель газрын тосноос жилийн өмнөхтэй харьцуулахад $26.4-р илүү ашиг олсон ба өдөрт дунджаар 9.5 сая баррель газрын тос олборлосон байна

 Төгрөгтэй уясан анхны стейблкойн гарлаа. MONT нэртэй энэхүү койн гадаад гүйлгээний хурдыг сайжруулах, криптогийн үнийн савлагаанд зориулсан шийдэл санал болгож байгаа аж. MONT-ын анхдагч зах зээлийн арилжаа DAX бирж дээр хийгдэнэ.

 Global finance Монголын шилдэг Жижиг, дунд бизнес дэмжигч банкаар Хаан банкийг нэрлэв. Харилцагчдаа чадавхжуулах, зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлдэг, өнгөрсөн оны байдлаар 2,500 гаруй жижиг дунд бизнес эрхлэгчдэд ₮1.7 их наядын зээл олгосон зэрэг үзүүлэлтүүд үүнд нөлөөлжээ.

 Huawei компанийн борлуулалт 32%-иар буурав. Америкийн ЗГ-ын хоригт орсны улмаас зах зээлээ Хятадад төвлөрүүлж, үйл ажиллагааныхаа чиглэлийг өөрчилж буй тус компанийн энэ оны эхний 3 улирлын орлого өмнөх оны мөн үеэс ¥215.5 тэрбумаар багассан байна.
 
SPONSORED BY SENDLY
Гадаад мөнгөн гуйвуулгыг Sendly-ээр 

Sendly

“Найз нь гялс ийшээ банк орж Америкт байдаг хүн рүү мөнгө шилжүүлээд ирье хүлээж байгаарай” гэж найз тань хэлбэл алгадаад авахгүй ч гэлээ шууд утсыг нь аваад Sendly апп-ийг татаж өгөөрэй.

Мөнгөн гуйвуулгын үйлчилгээг хамгийн хялбар бөгөөд найдвартай болгосон Sendly-ийн гол онцлогуудаас дурдвал:

  • Шуурхай: АНУ, Австралиас Sendly апп-даа дурын банкны дансаа холбон шилжүүлэг хийснээр таны шилжүүлэг ердөө 10 минутын дотор л хүлээн авагчийн дансанд ордог тул банканд дугаарлан зогсож, бичиг цаас бөглөх, шилжүүлсэн мөнгөө дансанд орж ирэхийг хүлээх зэрэг асуудлыг шийдвэрлэж өгдөг.
  • Хялбар: Монголоос Америк руу банкны дансаараа гүйлгээ хийхээс гадна, Hi-Pay апп-ийг ашиглан тухайн апп дээр холбосон картаараа гүйлгээ хийх боломжтой.

Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол: Web
 



LEMONPEDIA 🔎

BNPL гэж юу вэ?

BNPL нь Buy Now, Pay Later гэсэн үгний товчлол бөгөөд худалдан авалт хийснийхээ дараа төлбөрөө өгөх арга юм. Тодруулбал, та төлбөрийн үнийн дүнгээс хамааран хэд ч тэнцүү хуваан төлөх боломжтой. Зээлээс ялгагдах гол онцлог нь ямар нэгэн шимтгэл, хүү төлөхгүй. Манайд энэ арга нэвтрээд эхэлсэн учраас та тухайн газраасаа BNPL-р төлж болох уу гээд асуухад л хангалттай.
 

WE'RE READING

  • Corex: Өөрсдийн Native койн CRX-ийг гаргаж буй шинэ биржтэй танилцаарай 👉  (Corex)
  • Podcast: Цагаан ордонд яг одоо өрнөж буй драма, Ерөнхийлөгч Байдены тоглолтыг сонсоод үзээрэй. (The New York Times)
  • Business guide: Ажилтнууддаа эрх мэдлийг нь өг. Яагаад гэвэл үр бүтээмжид үүн шиг чухал нөлөөтэй зүйл ховор. (Harvard Business Review)
  • Судалгаа: Нийлүүлэлтийн хэлхээг зохицуулахад хиймэл оюун ухаан ашиглах нь: Системчилсэн эх сурвалжийн тойм. (Science Direct)
  • Entertainment: Энэ сард Netflix, Hulu, Disney+, Amazon Prime-ийн санд ямар шинэ зүйлс нэмэгдэх вэ? (CNN)
 
ТҮМЭНД ТҮГЭЭ

🍋 Lemon Press товхимлын ээлжит дугаарыг та хүлээн авлаа. Хэрэгтэй мэдээлэл багтсан байсан бол цааш нь түгээгээрэй. Түгээхгүй байсан ч болно доо, хүний л амьдрал. Мөн та Lemon Press товхимолтой хамтарч ажиллах, сурталчилгаа байршуулах хүсэлтэй бол энд дарна уу.

Facebook
Twitter
Instagram
YouTube
Written by: А.Баттүвшин (@battuvshin), Ө.Түмэндарь (@tumendari), Т.Жаргалсайхан (@jargalsaikhan)
Graphic by: А.Оюун-Эрдэнэ (@oyunerdene


Таны хаяг Lemon Press цахим товхимолд бүртгэгдсэн тул энэ имэйл очиж байна. Та бүртгэлээ устгахыг хүсвэл энд дарна уу.

Disclaimer: Энэхүү товхимолд дурдагдсан компанийн хувьцаа, бонд, үнэт цаас, криптовалют болон бусад төрлийн санхүүгийн хэрэгслүүдэд хөрөнгө оруулах нь таны бие даасан шийдвэр бөгөөд манай товхимлын зүгээс зөвхөн мэдээллийн чанартай илгээсэн болно.
    

All rights reserved. Copyright© Lemon Press Digital // 16F, Ayud Tower, Sukhbaatar Square, Ulaanbaatar 14200, Mongolia






This email was sent to <<Email Address>>
why did I get this?    unsubscribe from this list    update subscription preferences
Lemon Press · 13F, Central Tower, Ulaanbaatar, Mongolia · Ulaanbaatar, 01 14200 · Mongolia